Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс түр хугацаанд зогсооно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлд “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасны дагуу иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөөд шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-ний өдрөөс эхлэн түр хугацаанд зогсооно.
Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын дарга Г.Анхныбаяр ярихдаа, "Бүртгэлийн байгууллага сонгуулийн хуулийн дагуу сонгогчийн нэрийн жагсаалтыг гаргадаг. Нийслэлд хаягийн бүртгэлтэй 1 сая 730 мянган иргэн бий. Урьдчилсан байдлаар сонгогчдын нэрийн жагсаалт гаргахад 1 сая 940 мянган бүртгэгдсэн. Улсын дээд шүүх, ШШГЕГ, УХМЕГ-аас нэрс ирнэ. Эдгээр байгууллагаас ирсэн нэрс сонгогчийн нэрийн жагсаалтаас хасагддаг. Иргэд тухайн хаягаасаа нүүсэн ч хасалт хийлгэдэггүй нь уг хаяг дээр олон хүн амьдарч байгаа мэт харагддаг. Тиймээс иргэд заасан хугацаанаас өмнө шилжилт хөдөлгөөнөө хийх шаардлагатай. Тухайн хүний байнга оршин суудаг хаяг дээр танихгүй, гэр бүлийн биш хүн байвал УБЕГ-т өөрийн биеэр өргөдөл өгч болно. Мөн burtgel.gov.mn хаягаар хандаж, тухайн нэрсийн жагсаалтаас харилцаж байгаа мэдээлэл зөрүүтэй бол шалгах гэсэн цэс рүү ороод гомдол гаргах боломжтой" гэв.
Нийслэлийн 204 хороонд улсын бүртгэгч ажиллаж, иргэний бүртгэлийн 10 төрлийн үйлчилгээ үзүүлж байсан бол өнгөрсөн оноос 29 төв, цэгээр 32 төрлийн үйлчилгээ үзүүлж байна. Мөн 29 цахим машинаар иргэн, хуулийн этгээдэд 24 төрлийн лавлагаа, үйлчилгээ авах боломжтойг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.