БУЛГАН: Хөрсгүй технологиор улаанбуудайн соёолж тарьж нэмэлт тэжээл болгон ашиглаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-04-22 10:05:41

Булган, 2024 оны дөрөвдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдлагууд, 21 аймгийн сэтгүүлчдийн төлөөлөл, малчид зэрэг 300 гаруй хүн оролцсон "Сэтгүүлчид ба мал аж ахуй, байгаль орчин" сэдэвт зөвлөгөөнийг энэ сарын 17-19-нд Булган аймагт зохион байгууллаа. 

 

Булган аймаг "Шинэ хөгжлийн зам" хөтөлбөрийн хүрээнд мал аж ахуй, газар тариалан, байгаль орчны салбарт бусад аймагт туршлага болохуйц дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэн ажиллаж байгаа бөгөөд зөвлөгөөнөөр хөрсгүй тариалалт, технологи, хүлэмжийн хийг бууруулах, малын ялгадсыг боловсруулж шингэн бордоо үйлдвэрлэх, орон нутгийн түүхий эдээр хэрхэн тэжээл бэлтгэх, цөлжилтөөс сэргийлэх зэрэг олон чухал сэдвээр мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүллээ.

 



Хангал сумын малчин С.Саранцэцэг хөрсгүй тариалалт, технологийн талаар мэдээлэл өгч, туршлагаа түгээн дэлгэрүүллээ.


Тэрбээр гэрийн нөхцөлд, жилийн дөрвөн улиралд гидропоник буюу хөрсгүй технологиор улаанбуудайн соёолж тарьж, төллөх эх мал, төл мал, тахиа гээд бүх л аж ахуйдаа нэмэлт тэжээлээр ашигладаг.


“Малчин айл” нүүр номоороо туршлагаа түгээн дэлгэрүүлж, Монгол орны өнцөг булан бүрээс малчид, мал аж ахуйн мэргэжилтнүүд зорин ирж туршлага судалдаг. Мэддэг чаддаг бүхнээ зааж өгдөг хэмээн малчин С.Саранцэцэг ярилаа.





Малын ялгадсыг боловсруулж шингэн бордоо үйлдвэрлэх, орон нутгийн түүхий эдээр хэрхэн тэжээл бэлтгэх, цөлжилтөөс сэргийлэх зэрэг технологийг Солонгос улсын "Ванаби" группийн хамт олон танилцууллаа. Энэ төслийг Булган аймагт хэрэгжүүлэх Солонгосын улсаас баг хүрэлцэн ирсэн бөгөөд тэд монгол дээлээр гангарсан байв.


Мөн Байгаль орчин, ус цаг уурын газраас хөрсний сийрэгжилт бэлчээрийн даац хаана хэтэрч, цөлжилт хэрхэн явагдсаныг танилцууллаа.

相关新闻