Ерөнхий сайд ДЦС-уудыг хувьчлахгүй гэдгээ МҮЭХ-ны удирдлагуудад мэдэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-10-05 12:18:09

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ДЦС-уудыг хувьчлахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн талаар өнөөдөр Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо (МЭХГУУҮЭХ)-ноос мэдээлэв.

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Эрдэнэт, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг хувьчилж авсан Худалдаа хөгжлийн банк (ХХБ) тун удахгүй ДЦС 2, 3, 4 болон Эрдэнэт, Дарханы ДЦС-ыг өөртөө авах гэж байгаа талаар мэдээлсэн. Өмнөх Засгийн газрын 70, 330 дугаар тогтоолоор дээрх ДЦС-уудыг хувьчлах жагсаалтад оруулсан байна. Тухайн үед МЭХГУУҮЭХ уг асуудлыг эсэргүүцэж, УИХ, Засгийн газар болон холбогдох яамдад шаардлага хүргүүлсэн ч хүлээж аваагүй аж. Өнгөрсөн сарын 30-нд МҮЭХ-ны удирдлагууд Ерөнхий сайдтай уулзаж, өөрсдийн байр сууриа илэрхийлжээ. Энэ үеэр Ерөнхий сайд ДЦС-уудыг хувьчлахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн хэмээн тус холбооны дарга Х.Буянжаргал хэллээ.

Тэрбээр, “Дээрх ДЦС-ууд Монголын эрчим хүчний хэрэглээний 85 хувийг үйлдвэрлэж байна. Үүнийг дагаад нүүрсний хэрэглээ ч нэмэгддэг. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний салбар нь Монголын эдийн засгийн тулгуур юм. Дөнгөж өнгөрсөн оноос эхлэн ашигтай ажиллаж эхэлсэн эрчим хүчний салбрыг хувьчлах нь буруу. ХХБ нь эрчим хүч, уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж, Монголын эдийн засгийг гартаа атгах зорилготой байгааг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хэлсэн. Бид үүнийг үнэн гэж үзэж байгаа” хэмээв.

Энэ сарын 05-ны байдлаар Монгол Улсын эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн 18 компаниас 14-ийнх нь удирдлага улс төрийн шалтгаанаар солигджээ. Үүнээс 11 хувийг мэргэжлийн бус хүмүүс байгаа юм. Тиймээс энэ салбарт халаа сэлгээ хийхгүй байх, хийсэн тохиолдолд мэргээжлийн хүмүүсийг томилж байхыг МЭХГУУҮЭХ хүслээ. Мөн халагдсан удирдлагуудыг шинэ ажлын байраар хангахыг Засгийн газар, Эрчим хүчний сайдад уламжлав.

Энэ үеэр сэтгүүлчид үйлдвэрчний эвлэлийн хороо “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалын асуудлыг хэрхэн дүгнэж байгаа талаар тодруулхад “Энэ тал дээр Засгийн газар байр сууриа илэрхийлэх ёстой. Бид гишүүдийнхээ эрх ашгийг л хамгаална” гэлээ.

Ч.Ариунболд

相关新闻