Санхүүгийн хяналтыг чангатгах хуулиудыг Европын парламент баталлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-04-25 16:36:57

БРЮССЕЛЬ, 2024 оны дөрөвдүгээр сарын 25 /DW/. Криптовалют, их хэмжээний бэлэн мөнгөний гүйлгээ, хөл бөмбөгийн агентуудын хоорондын гүйлгээнд тавих хяналтыг чангатгахад чиглэсэн багц хуулийн төслийг Европын парламентын гишүүд дэмжсэн байна.


Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хүрээнд Европын парламент багц хуулийг баталлаа. Шинэ багц хуулийн төслийг 482 хууль тогтоогч дэмжсэн бол 47 гишүүн эсэргүүцсэн санал өгсөн байна.


Үүний сацуу мөнгө угаахтай тэмцэх шинэ байгууллага байгуулахыг дэмжжээ. Германы Франкфурт хотод байрлах уг байгууллагыг Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх газар (AMLA) гэж нэрлэх бөгөөд санхүүгийн хамгийн эрсдэлтэй байгууллагуудад шууд хяналт тавих үүргийг гүйцэтгэхээс гадна санхүүгийн хориг арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг хянах ажээ. 

 

“Бохир мөнгөөр аймшигтай гэмт хэргийг санхүүжүүлдэг. Одоогийн нөхцөл байдлыг эрс сайжруулах шаардлагатай байна” гэж ЕХ-ны санхүүгийн үйлчилгээ хариуцсан комиссар Мейрид МакГиннес мэдэгджээ. 


ЕХ-ны шинэ хуулиудад үйлчлүүлэгчдийн хэн болохыг нарийвчлан шалгах арга хэмжээг тусгасан бөгөөд шалгалтын дараа банкууд, хөрөнгийн менежерүүд, криптовалют, үл хөдлөх хөрөнгийн агентууд сэжигтэй үйл ажиллагааг санхүүгийн тагнуулын байгууллагуудад тайлагнах ёстой байна.


Хөрөнгө оруулагчид эсвэл сурталчилгааны компаниуд зэрэг ивээн тэтгэгчид, тоглогчидтой санхүүгийн томоохон гэрээ байгуулдаг мэргэжлийн хөл бөмбөгийн тэргүүлэгч клубүүд мөн 2029 оноос эхлэн үйлчлүүлэгчдийнхээ хувийн мэдээллийг шалгаж, гүйлгээг хянаж, аливаа сэжигтэй гүйлгээг заавал мэдээлдэг болно.


Түүнчлэн оршин суугаа үндсэн байрыг нь тооцохгүйгээр дор хаяж 50 сая еврогоор үнэлэгдэх хөрөнгөтэй "хэт баян" хүмүүсийн санхүүгийн хяналтыг чангатгах заалтууд оржээ. 


Үүний сацуу 10 мянган еврогоос дээш бэлэн мөнгөөр ​​төлбөр хийхийг хориглосон байна. Үүнд хувь хүн хоорондын гүйлгээ хамаарахгүй ажээ. 

相关新闻