ОУЭШ-ийн шүүгчдэд хориг тавьжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар
сарын 21 /DW/. АНУ-ын эрх баригчид Олон улсын Эрүүгийн шүүхийн дөрвөн ажилтны
эсрэг хориг арга хэмжээ авсан тухай АНУ-ын Төрийн департаментын болон Сангийн
яамны цахим хуудсуудад мэдээлжээ.
Энэхүү хориг нь Канадын шүүгч Кимберли
Прост, Францын шүүгч Никола Гийу, түүнчлэн ОУЭШ-ийн прокурорын орлогчоор
ажиллаж буй Фижигийн иргэн Нажат Шамим Хан, Сенегалын иргэн Мам Мандиай Нианг
нарт хамаарна.
Энэ оны тавдугаар сард прокурор Карим
Хан бэлгийн дарамт үзүүлсэн гэх дуулианд холбогдож ээлжийн амралтаа авсны дараа
дээрх хүмүүс прокурорын албанд ажиллах болжээ. К.Хан өмнө нь Израилын Ерөнхий
сайд Б.Нетаньяхуг баривчлах тушаал гаргаж байсан юм.
Дээрх дөрвөн хүн Америкийн санхүүгийн системээс бүрэн тусгаарлагдсанаас гадна тэдний АНУ дахь хөрөнгийг царцаах юм. Мөн тэдэнтэй ямар нэгэн гэрээ хэлэлцээр байгуулахыг Америкийн компаниуд, иргэдэд хоригложээ. Төрийн департаментын тэргүүн Марко Рубио энэ талаар тайлбар хийхдээ “энэ бол америкчууд болон израилчуудыг заналхийлсээр байгаагийн эсрэг хариу үйлдэл” гэсэн байна. Мөн АНУ-ын бүрэн эрх байдлыг үл хүндэтгэж, улстөржсөн хэмээн ОУЭШ-ийг буруутгажээ.
Өмнөх хоригууд
АНУ болон Израил зэрэг түүний
холбоотнуудын эсрэг үйл ажиллагаа явуулж буй ОУЭШ-ийн эсрэг хориг арга хэмжээ
авах тухай зарлигт ерөнхийлөгч Д.Трамп энэ оны хоёрдугаар сард гарын үсэг
зурсан юм. Ингээд хамгийн түрүүнд прокурор Карим Хан хоригт өртсөн байна. Түүний
хүсэлтийн дагуу Израилын Ерөнхий сайд Б.Нетаньяху, Батлан хамгаалахын сайд асан
Йоав Галант нарыг баривчлах зөвшөөрлийг ОУЭШ өгсөн юм.
Дараа нь зургаадугаар сард Соломи
Балунги Босса, Луис Дель Кармен Ибанес Карранса, Рейн Аделаиде Софи Алапини
Гансу, Бети Холер гэсэн дөрвөн шүүгч Америкийн хоригт орсон байна.
2019 онд буюу Трампын эхний засаг
захиргааны үед ОУЭШ-ийн ажилтнуудыг АНУ-д нэвтрүүлэхийг хориглох шийдвэр
гаргасан бол 2021 онд ерөнхийлөгч асан Ж.Байден уг хоригийг цуцалжээ.