Судир Шетти: Юань олон улсын нөөц валют болсон нь Хятадтай худалдаа хийдэг орнуудад өгөөжтэй
МОНГОЛЫН МЭДЭЭДэлхийн банкнаас Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудад хийдэг ээлжит цахим хуралд Монгол, Филлипин, Индонези, Малайз, Вьетнам зэрэг улс оролцлоо.
Цахим хурлаар Дэлхийн банк Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эхний хагас жилийн эдийн засгийн үзүүлэлтийн талаар мэдээлэл өгсөн юм.
Тодруулбал Малайз улсын хувьд газрын тос болон аж үйлдвэрийн бүтээгдэхүүний экспортын гадаад эрэлт сул байгаагаас үүдэн эдийн засгийн өсөлт 2016 онд 4.2 хувьд хүрч буурах хандлагатай байгааг тодотголоо. Харин Филлипиний эдийн засгийн өсөлт эерэг үзүүлэлттэй байгаа аж. Тэгвэл Вьетнамын хувьд ган гачгаас шалтгаалан эдийн засагт сөрөг нөлөө ирэх ч ирэх онд өсөлт 6.3 хувьд хүрч сэргэх төлөвтэй хэмээн Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан ахлах эдийн засагч Судир Шетти онцолсон.
Тэрээр Монгол Улсаас тавьсан асуултад ийнхүү хариулт өглөө.
-Монгол Улсын төсөв санхүүгийн байдал хүндхэн байна. Энэхүү хүндрэлээс гарахын тулд олон арга хэмжээ авч эхэллээ. Үүний нэг нь “Стэндбай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүсэлт юм. Энэ хөтөлбөрт Монгол Улс хамрагдах нь зөв үү?
-Монгол Улсын хувьд дэлхийн эдийн засгаас хамааралтай уул уурхайн түүхий эдийн үнийн уналтад өртсөн. Энэ уналт өнөөдөр ирээгүй. Олон жидийн дундажтай холбогдуулан судалж зохистой тохиргоо хийгээгүйн улмаас Монголын эдийн засагт сөрөг талууд бий болсон. Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд Засгийн газар оновчтой шийдвэр, зөв бодлого баримтлах ёстой. Улмаар санхүүгийн сахилга баттай байж, төсвийн болон мөнгөний хатуу бодлого баримтлах нь чухал. “Стэнд бай” хөтөлбөрт хамрах эсэхийг Монгол Улсын Засгийн газар шийдэх хэрэг. Засгийн газрын зүгээс эдийн засгаа солонгоруулан зөв тохиргоо хийх цаг үед ирээд байна. Нэн тэргүүнд хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтран ажиллаж, хөрөнгө оруулалтыг татахад анхаарах хэрэгтэй.
- Хятад улсын үндэсний мөнгөн тэмдэгт болох юань олон улсын нөөц валют болсон нь Азийн бүс нутгийнханд ямар нөлөө үзүүлэх вэ?
-БНХАУ-ын үндэсний мөнгөн тэмдэгтийг олон улсын нөөц валют болгосон нь олон шалтгаантай гэж харж байна. Хамгийн эхний үзүүлэлт бол Хятад улс маш олон улс оронтой худалдаа, арилжаа хийдэг. Валютын сагсанд юань багтсан нь Хятадын худалдааны үүргийг тодотгосон хэрэг. Өөрөөр хэлбэл дэлхийн эдийн засагт голлох үүрэг гүйцэтгэж буйг илэрхийлсэн болов уу. Түүнчлэн олон улсын худалдааны гол түнш гэдгийг дэлхийд зарлаж буй хэрэг. Хятадтай худалдаа хийдэг Азийн орнуудын хувьд өгөөж өгнө гэдэгт итгэл дүүрэн байна.
Б.Заяа