Эмийг хэт дөвийлгөж сурталчлахыг хориглосон заалт удахгүй хуульчлагдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы энэ сарын 2-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн П.Анужин чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд Засгийн газраас яаралтай горимоор өргөн мэдүүлсэн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг оруулж, хэлэлцэх эсэхийг шийдвэрүүлэх санал гаргасан юм.
Түүний гаргасан горимын саналыг гишүүдийн олонх дэмжсэн тул хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг тавив. Тэрбээр илтгэлдээ, уг хуулийг 2010 онд шинэчлэн найруулснаас хойш нийт 6 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан талаар дурдаад, олон улсын стандартын шаардлагыг хангасан эм, био бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, экспортлох, хадгалах, худалдах, түгээх, хэрэглэх, хянах үйл ажиллагаанд орчин үеийн технологи, зохистой дадлыг бүрэн нэвтрүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд өргөн ашиглаж байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт нийлүүлэлт, засвар үйлчилгээ, ханган нийлүүлэхтэй холбогдсон харилцааг цогц байдлаар зохицуулах зорилгоор хуулийн төслийг боловсруулсан гэлээ. Тэрбээр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 3130 эм хангамжийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагийн 2595 нь эмийн сан, 495 нь эм ханган нийлүүлэх байгууллага бөгөөд эм, эмнэлгийн хэрэгсэл, протез, ариутгал халдваргүйтлийн бодис болон биологийн идэвхт бүтээгдэхүүний 40 үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байна. Түүнчлэн улсын эмийн бүртгэлд 56 улсын 780 үйлдвэрлэгчийн 4097 нэрийн эм бүртгэлтэй байна гээд, нийт бүртгэлтэй эмийн 20.4 хувь нь үндэсний үйлдвэрийн эм юм гэлээ.
Сайд танилцуулгадаа, эмийн чанар, аюулгүй байдал, эмийн
үнийг бууруулах, тухайлбал, био эквивалент буюу эмчилгээний идэвхийн шинжилгээг
төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүд болон эмийн чанарын лабораторид хийх, үйлдвэрүүд
чанарын хяналтын итгэмжлэгдсэн лабораторитой байх, бүх түвшинд үнийн ил тод,
нээлттэй байдлыг хангах, цахимаар хянах, үндэсний үйлдвэрийн уламжлалт эмийг
түүхий эдийн хамт цахим мэдээллийн нэгдсэн санд бүртгэн хянах зэрэг
зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан талаар дэлгэрэнгүй дурдав. Мөн иргэдийг
төөрөгдүүлж, хэт дөвийлгөсөн байдлаар эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн
нэмэлт бүтээгдэхүүнийг сурталчлахыг хориглох, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд
сурталчилгаа хийхийг хязгаарлах зэрэг зохицуулалт оруулсны дээр эмийг зохистой
хэрэглэх талаар эмч, эрүүл мэндийн байгууллага, иргэний эрх, үүрэг, төрийн бус
байгууллагын оролцоог тодорхой тусгасан байна. Эмийн гаж нөлөөг тухай бүр
мэдээлж байх, эмийн санч тухайн эмийг хэрэглэх арга, хадгалалт, зохистой
хэрэглээний талаар үйлчлүүлэгчдэд байнга мэдээлэл өгөх зэрэг болон улсын
хэмжээнд эмийн зохицуулалтын чиглэлээр ажиллаж байгаа зөвлөл, комисс,
тэдгээрийн эрх үүрэг, ажиллах журмыг сайд баталдаг байсныг өөрчилж, олон
нийтэд ил тод, нээлттэй байдлаар шийдвэрлэдэг болох зэрэг зарчмын өөрчлөлтүүдийг
хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулж байгаа аж.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар байр сууриа илэрхийлж, эмийн асуудал бол хүний эрүүл мэндийн төвийгүй үндэсний аюулгүй байдлын асуудал гэдгийг тэмдэглэж, УИХ-ын Түр хороо эмийн үнийг 3-4 дахин зохиомлоор өсгөсөн байна гэж дүгнэснийг сануулан, хариуцлагатай ажиллахыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад чиглэл болголоо. Ингээд хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзсэн тул хуулийн төслүүдийг анхын хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв.