Эрдэнэт үйлдвэрийн татвар төлөлт буураагүй,энэ онд 134 тэрбумыг төлсөн гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ“Эрдэнэт” үйлдвэр улс болон орон нутгийн төсөвт 134 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлсэн талаар өнөөдөр тус байгууллагын Ерөнхий захирал Ц.Даваацэрэн Монгол-Ньюс-д болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэв.
Мөн тэрбээр УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь “Монгол зэс” компанид шилжсэнээс хойш татвар төлөлт эрс буурч, 20 тэрбумд хүрсэн талаар мэдээлсэн нь ТЕГ-аас УИХ-ын дэд даргад дутуу мэдээлэл хүргүүлсэн байна гэлээ. "Манай үйлдвэр төрийн үйл ажиллагааг тогтмол дэмжиж, шаардлагатай тохиолдолд ирэх жилийн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)- өө урьдчилж төлдөг. Тухайлбал, 2013 оны 12 сард дараа жил нь төлөх ёстой байсан 100 тэрбум төгрөгийг урьдчилж төлж байсан. Өнгөрсөн жил 70 тэрбум төгрөгийг урьдчилж төлж байв. Энэ онд манайх АМНАТ-т 60 тэрбум төгрөг төлөх ёстой байсан. Тиймээс өнгөрсөн жил урьдчилж өгсөн 70 тэрбум төгрөгийн 44 тэрбумыг нь суутгасан. Үлдсэн 20 тэрбум төгрөгийг нь бэлнээр төлсөн. Мөн орон нутагтаа гааль, нийгмийн даатгалын шимтгэл, ус, газар, агаарын бохирдол зэрэг 8 төрлийн татварт 70 тэрбум төгрөг төлсөн. Одоогоор “Эрдэнэт” үйлдвэр улс болон орон нутагт ямар нэгэн татварын өргүй. Бид 38 жил үйл ажиллагаа явуулахдаа улсын төсөвт нийт 5.5 их наяд төгрөг төвлөрүүлжээ. Энэ бол манай үйлдвэрийг ажил үүргээ ухамсарлаж, татвараа тогтмол төлж байсныг харуулах үзүүлэлт юм. Үйлдвэрийн 49 хувийг шилжүүлснээс хойш үйл ажиллагаа доголдоогүй, ажилчдын цалинг цаг тухайд нь өгч байгаа” хэмээв.
Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултадаа хариулт авлаа.
-49 хувь эзэмшигчийн төлөөллөөс энэ хуралд оролцож байгаа юу?
-Хувь эзэмшигчийн төлөөлөл оролцоогүй.
-Шалтгаан нь юу вэ?
-Хувьцаа эзэмшигчийн ТУЗ байгуулагдаж, өөрсдийн үйл ажиллагаандаа хариулт өгнө. Бид бол тушаалаар томилогдсон хөлсний ажилчид. Тиймээс ажилчдынхаа осол авааргүй ажиллах нөхцөл байдлыг хангах, цалин хөлсийг нь олгох, нийгмийн халамжийн асуудлыг шийдвэрлэх үндсэн үүрэгтэй. Хувьцаа эзэмшигчдийн асуудлыг бид мэдэхгүй.
-2015 онд улсын төсөвт 379 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Энэ жил 134 болж буурсан шалтгаан нь юу вэ?
-Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унасантай холбоотой. Зэсийн үнэ тонн нь 5000 ам.доллараас дээш байвал “Эрдэнэт” үйлдвэр АМНАТ-ийг 16 хувиар, түүнээс бага байвал 5 хувиар төлдөг. Одоо зэсийн үнэ 5000 ам.долларт хүрэхгүй байна.
-“Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон улс төрийн мэдэглийг шахааны бизнестэй холбоотой гэх хардлага гарсан?
-“Эрдэнэт” үйлдвэрт шахааны бизнес байсан. 2013 оны эхээр нэг тонн цэвэр зэс үйлдвэрлэх өртөг 6625 төгрөг байсан. Өнөөдөр энэ үнэ 3950 төгрөг болж буурсан. Бид илүү зардлаа танаж, сэлбэг хэрэгслийг аль болох хямд үнээр нь олж авахыг эрмэлзэх болсноор дээрх хэмнэлтийг гаргаж чадсан. Ер нь бол сүүлийн 3 жилд 250 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан.
-Өнгөрсөн жил 70 тэрбум төгрөг төлөхдөө банкнаас өндөр хүүтэй зээл авсан гэсэн. Энэ талаар?
-Сангийн яам бидэнд урьдчилж төлөхийг даалгасан. Дотоодын банкуудаас зээлж төлсөн.
-49 хувийг 400 сая төгрөгөөр худалдаж авсан гэсэн мэдээлэл гарсан?
-Энийг би мэдэхгүй. Хувьцаа эзэмшигчийн асуудал. Хувьцаа эзэмгшигч өөрчлөгдсөн ч “Эрдэнэт” үйлдвэр хэвийн ажиллаж байна.
-Худалдаж авсан компани “Эрдэнэт” үйлдвэрийн засаглалыг дэлхийн жишигт хүргэнэ гэсэн. Засаглалыг өөрчлөх үйл ажиллагаа эхэлсэн үү?
-“Эрдэнэт” үйлдвэр үндэсний компани болсон. ОХУ хувиа шилжүүлснээр олон улсын гэрээ, хэлэлцээрээр зохицуулагдаж байсан бүх асуудлуудыг өөрчилж байгаа. Одоо бүх үйл ажиллагааг Монгол Улсын хууль, тогтоомж, дүрэм, журамд нийцүүлэн үйл ажиллагаа явж байна. Энэхүү үйл ажиллагаа үйлдвэр байгуулснаас хойших хамгийн том бичиг баримтын шинэчлэл болж байна.
-Хувь эзэмшигч өөрчлөгдсөнөөс хойш халаа, сэлгээ болов уу?
-Одоогоор ямар ч халаа, сэлгээ болоогүй. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт” үйлдвэрт 6092 хүн ажиллаж байна. Энэ оны 7 дугаар сараас хойш 13 орос ажилтан өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгсөн. Бид данхайсан бүтцээ өөрчлөх зорилт тавьж байгаа. Энэ хүрээнд 3 даргын нүүр үзлээ.
-Үйлдвэрийн ТУЗ-өөс зарим хэлтэс, албаныхаа нэрийг өөрчилж байгаа гэсэн. Энэ нь бүтцийн өөрчлөлт хийх эхний алхам уу?
-2016 оны 7 дугаар сарын 21-нд ТУЗ-өөс үйлдвэрийн бүтцийг зохистой засаглалын дагуу хөгжүүлэх тогтоол гарсан. Үүний дагуу бид зарим хэлтэс, албадыг нэгтгэх арга хэмжээ авч байгаа. Тухайлбал, гүйцэтгэх удирдлагын багт хамаарч байсан Дотоод аудитын газрыг ТУЗ рүү шилжүүлсэн. Энэ бол олон улсын жишиг юм. Гэхдээ хүн халагдахгүй. Харин ажлын байр нь л өөрчлөгдөх магадлалтай.
-49 хувийг шилжүүлснээс хойш үйлдвэрийн нийгмийн халамж доголдож эхэлсэн гэсэн мэдээлэл гарсан. Мөн үйлдвэрт ажилд ороход 2500 ам.доллар төлдөг болсон гэх мэдээлэл тархсан байна?
-Ийм зүйл болоогүй, энэ бол ташаа мэдээлэл. Нийгмийн халамжаа хэвийн олгож байгаа.
-Өмнө нь хоёр улсын хамтарсан үйлдвэр гэдгээрээ Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлдэггүй байсан. Одоо хэрэгжүүлэх үү?
-Энэ хууль батлагдсанаас хойш нээлттэй тендертэй холбоотой бүх мэдээллийг оруулдаг байсан. Одоо үйлдвэрийн худалдан авалт, борлуулалтын мэдээллийг тогтмол оруулна.
-ТУЗ-ийн даргаар хэн ажиллаж байгаа вэ?
-ТУЗ-ийн даргаар Да.Ганболд ажиллаж байна.
-Иргэн н.Шинэбаатар гэдэг хүн Сангийн яамны төлөөллөөр ажиллаж байгаад хувьцаа эзэмшигч болсон гэсэн. Шалтгаан нь юу вэ?
-Хувь хүн болон хувьцаа эзэмшигчийн өмнөөс хариулах боломжгүй. Хувь хүн төрд ажиллаж байгаад өөр албанд шилжих нь тухайн хүний эрх.
-Улс хоорондын хэлэлцээрийн дагуу 49 хувийг эхлээд Засгийн газарт санал болгосон. Манай Засгийн газар худалдан аваагүй шалтгаан нь юу вэ?
-Хувьцаа эзэмшигчдийн хоорондын эсхүл улс төрийн үйл ажиллагааг бид хариулах боломжгүй. Манай үйлдвэрийн нийт ажилчид биднийг улс төрөөс хол байлгахыг хүсч байна. Энэ хэт улс төржилт жирийн ажилчин бидний хэвийн ажиллах итгэл, үнэмшлийг алдагдуулж байна.
-Засгийн газар 51 хувиа борлуулсан эсхүл эрх мэдлээ алдсан талаар цуурхал гарч байгаа?
-Төрийн мэдэлд 51 хувь байгаа. Би өөрөө 51 хувийн төлөөлөл болж ажиллаж байгаа. Одоогоор төрийн мэдлийн хувийг өөрчилсөн талаар мэдээлэл ирээгүй байна. Өөрчиллөө гэхэд Засгийн газар, УИХ-ын түвшинд шийднэ.
-Ерөнхий сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг “Эрдэнэт” үйлдвэрт очсон уу?
-Ажлын хэсэг Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ ажлын хэсэг 49 хувийн асуудлыг л шалгах ёстой. Тиймээс үйлдвэр дээр очих шаардлагагүй. Эндээ хувь эзэмшигчидтэй уулзах байх.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ