Сургууль, цэцэрлэгийн ус, ариун цэврийн байгууламжийг сайжруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛНҮБ-ын Хүүхдийн сан болон Швейцарийн хөгжлийн агентлаг Улаанбаатар хотын гэр хорооллын цэцэрлэг, ЕБС-ийн ус, ариун цэврийн байгууламжийг сайжруулах тухай гэрээнд гарын үсэг зурлаа.
Гэрээний дагуу талууд хамтран ус, ариун цэврийн асуудлыг шийдэх өртөг багатай, үр дүнтэй шийдлийг гарган, тэдгээрийг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд нь Засгийн газрыг дэмжих юм. Ингэхдээ эхний ээлжинд Баянзүрх дүүрэгт төвлөрөн ажиллах бөгөөд тус дүүргийн удирдлагуудтай хамтран иргэдийн эрүүл ахуйн зан үйлийг өөрчлөх, олон улсын мэдлэг туршлагыг нэвтрүүлэх аж.
“Ариун цэвэр, эрүүл ахуй бол хүүхдийн эсэн мэнд төрөх, эрүүл саруул өсч бойжих, амьдрахад нэн чухал юм. Бохир ус хэрэглэх, ариун цэврийн шаардлага хангаагүй газар бие засах зэрэг нь хүүхдийн сурах чадварт сөргөөр нөлөөлдөг. Монгол Улсын Засгийн газраас сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн ус, ариун цэврийн байдлыг сайжруулахад онцгой анхаарал хандуулж байгаад баяртай байна. Хүүхэд бүрийг ундны цэвэр устай, шаардлага хангасан бие засах газартай болгохын төлөө хамтран ажиллах болно” хэмээн НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Роберто Бэнес хэлэв.
Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтын ажиллагаа хариуцсан захирал, Ерөнхий консул Габриелла Спирли хэлэхдээ, “Манай агентлаг нь ЕБС-ийн ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийн талаар нотолгоо гарган, гэр хорооллын дунд байрлах тодорхой сургуулиудад сайн туршлагыг нэвтрүүлэх чиглэлд ажиллана. Ингэснээр бид Монгол Улсын усны зохицуулалт, удирдлагыг сайжруулах болно” гэв.
Ж.Болор