Трампын алдааг Байден давтсаар байна гэж Хятадын тал мэдэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-05-10 16:43:09

БЭЭЖИН, 2024 оны тавдугаар сарын 10 /ТАСС/. Хятадын бараа бүтээгдэхүүнд дахин шинээр татвар ногдуулахаар төлөвлөж буй Америкийн одоогийн засаг захиргаа нь өмнөх засаг захиргааны алдааг давтан үйлдсээр байна гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Лин Цян өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.


Тэрбээр цааш нь хэлэхдээ “1974 онд батлагдсан Худалдааны тухай хуулийн 301-р зүйлийг үндэслэн АНУ-ын өмнөх засгийн газар Хятадаас импортолж буй бараа бүтээгдэхүүнд татвар тогтоосон нь хоёр улсын худалдаа-эдийн засгийн харилцаанд ноцтой саад учруулсан” гэдгийг дурдаад “АНУ өөрийн буруутай үйлдлийг засаж залруулаагүй төдийгүй эдийн засаг, худалдааны асуудлыг улс төржүүлсээр байна” гэв.  


“Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм журмыг жинхэнэ ёсоор сахин мөрдөж, шинээр татвар ногдуулах нь бүү хэл өмнө нь ногдуулсан бүх төрлийн татвараа цуцлахыг бид АНУ-д хандан уриалж байна” гэж Лин Цян хэллээ.  


Хятадаас нийлүүлж буй ган, хөнгөн цагаанд ногдуулах татварын хэмжээг 3 дахин нэмэгдүүлнэ гэдгээ өнгөрсөн 4 дүгээр сард Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэж байсан юм. Тэрбээр ойрын үед цахилгаан автомашин зэрэг Хятадын бараа бүтээгдэхүүнд шинээр татвар ногдуулна гэдгээ мэдэгдэхээр төлөвлөж байгаа ажээ.


Өмнөх Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа Хятадаас нийлүүлдэг 370 тэрбум долларын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулснаар хоёр улсын хооронд худалдааны дайн дэгдсэн билээ.   

相关新闻