Г.Бат-Эрдэнэ: 36 жил сувилагчаар тасралтгүй ажиллахдаа нэг ч өдөр шантарч байсан удаа үгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-05-12 15:46:39

Зуунмод, 2024 оны тавдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Олон улсын сувилагчдын өдрийг жил бүрийн тавдугаар сарын 12-нд дэлхий нийтээрээ тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг угтан 36 дахь жилдээ сувилагчаар ажиллаж буй Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлэлтийн сувилагч Г.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-Мэргэжлээ сонгож байсан түүхээсээ хуваалцвал? Таны ажлын гараа хаанаас эхэлсэн бэ?

-Анх мэс заслын эмч болох хүсэл мөрөөдөлтэй байсан юм. Тэгсэн аав минь эрэгтэй сувилагч гоё гээд санал болгосоор л байлаа. Би ч элсэлтийн шалгалт өгөх үе хүртлээ л зөрүүдэлсэн ч аав минь бүүр уйлж гуйсан юм. Тухайн үеийг бодоход эрэгтэй сувилагч байдаггүй гэж гуйж байсан ч нөгөө талаар нь бодоод үзвэл хүүдээ санаа зовсон байх гэж боддог. Аавынхаа үгэнд орж Дорноговь аймгийн Анагаах ухааны коллежид суралцаад төгсөх үеэр Монгол Улсын Хүний гавьяат эмч Г.Түмэннаст аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллах саналыг тавиад түүнээс хойш 36 жил тасралтгүй ажиллаж байна. Анх мэс заслын тасагт ажиллаж байгаад 15 жилийн өмнө сэхээн амьдруулах тасаг нээх үеэр Г.Түмэннаст эмч намайг “Энэ тасаг руу ороод үйл ажиллагааг нь тогтвортой болтол ажиллаарай. Түүний дараагаар чамайг буцаагаад мэс заслын тасагт авна” гэж байсан. Хэлсэн амандаа ч хүрч, хоёр жилийн дараа буцаж орохыг санал болгосон ч сэхээн амьдруулах тасагт байх нь сайхан санагдаад үлдсэн.


-Анхны хагалгаа ямар байсан бэ?

-Юуны хагалгаа байсан талаар үнэхээр санахгүй байна. Эхэндээ их айдаг, зүү барих үедээ ч гар чичирдэг, маш их сандардаг байсан. Буруу юм аваад хийчих вий дээ, буруу газар хатгачих вий дээ гэсэн маш их догдлол, айдас дунд эхний хагалгаанууд өнгөрч байлаа. Түүнээс хойш нэг жилийн дараа л гэхэд юу хийхээ хэдийнэ мэддэг болчихсон, эмч нарынхаа харц, хөдөлгөөнийг уншдаг болчихсон байсан.


-Яагаад мэс заслын тасгийг биш сэхээн амьдруулах тасгийг сонгож үлдэх болсон бэ?

-Ухаангүй хэвтэж байгаа өвчтөнүүдээ асарч тойглоод, ухаан ороод, хөл дээрээ босоод, хоол иддэг болоод, юм ярихыг нь сонсох мэдрэмж хамгийн төгс мэдрэмж байх. Өвчтөнүүдээ харах бүрдээ л хөл дээр нь явуулчих юмсан гэсэн чин хүсэл байдаг. Сэхээн амьдруулах тасаг хагалгааны дараах үр дүнг шууд мэдрэх боломжтой тасаг болохоор сонгосон. Ухаангүй байж байгаад ухаан орж байгаа хүнийг хараад ямар их баярладаг гэж санана.


-Сэтгэлд тань үлдсэн ямар дуудлага байдаг вэ? Мөн хамгийн хүнд дуудлага юу байсан бэ?

-Төв аймгийн Бүрэн суманд 1990-ээд оны сүүлчээр даралт өөрчлөлттэй, татаж унадаг эмэгтэйг төрүүлж байсан дуудлага хамгийн их сэтгэлд үлдсэн дуудлага байсан. Тухайн үед хүүхдийг нь амьгүй болчихлоо гэж үзээд эхний удаад ургийг гаргаж саванд хийж тавьчихаад, эхэд шууд хагалгаа хийсэн. Ээж нь хагалгаа дуусч сэрэх үед амьгүй болсон гэж байсан хүүхэд гэнэт уйлсан нь үнэхээр баярламаар үйл явдал байсан. Одоо тэр хүү 20 гаруй насны том эр болсон. Бид түмпэн шагай гэж өхөөрддөг байлаа. Заримдаа ирж бидэнтэй мэнд мэдэж, үнэрлүүлээд буцдаг.


Мөн Баян суманд зүрхний хагалгаанд орж байсан үеийн дурсамж үнэхээр сайхан. Өвчтөн буудуулсан байсан бөгөөд цохилж байгаа зүрхний шархыг оёж байсан үе үнэхээр мартагдахааргүй өвөрмөц мэдрэмж байсан.


Өвлийн дуудлага маш хэцүү байдаг. Цасанд боогдоно, төөрнө, цас ухна гээд цаг хугацаа их алддаг учраас маш хэцүү байдаг.

 

-Анх таныг сувилагч болох үед эрэгтэй сувилагчид байсан уу? Ажилдаа тасралтгүй олон жил ажиллаж байгаагийн шалтгаан юу вэ?

-Ажилд орох үед эрэгтэй сувилагч нар олон байсан. Тэд маань өөр ажилд орох, шантрах, гадаад улсыг зорих гээд олон шалтгаанаар гарсаар би үлдсэн. Миний ажилдаа үлдэх шалтгааны нэгдүгээрт хамт олон минь байсан, хоёрдугаарт миний хүсэл тэмүүлэл, сайхан мэдрэмжийг авч чаддаг газар үүнээс өөрийг олоогүйд байдаг байх гэж бодож байна. 36 жил тасралтгүй ажиллахдаа нэг ч өдөр шантарч байсан удаа үгүй. Дараа жил би тэтгэвэртээ гарахаараа өдрийн цагаар ажиллана гэж бодож байна.


-Залуу үеийнхэндээ туршлагаасаа хуваалцаж, зөвлөгөө өгөхдөө ихэвчлэн хэлдэг ямар үг байдаг вэ? Гэр бүлд тань мэргэжил нэгт хүн бий юу?

-Хурдан түргэн ажиллах хэрэгтэй гэдгийг залуустаа их зөвлөдөг. Бид чинь хүний амийг аврахад гар бие оролцдог учраас түргэн шаламгай, мэдрэмжтэй байх ёстой. Миний хань сувилагч байсан, манай том охин эм зүйч болохоор сургуульд элссэн байсан ч надад хэлэлгүйгээр сувилагч болсон байсан. Аав шигээ мундаг сувилагч болно гэж ярьсаар сувилагч болж, Улаанбаатар хотод "Гурван гал" эмнэлэгт ажиллаж байна. Хоёр бага минь хоёр болон тавдугаар ангийн хүүхдүүд бий.


-Таны бахархал юу вэ? Амьдралынхаа гол зарчмыг хуваалцвал?

-Манай ажлынхан намайг судас олохдоо чадварлаг гэдэг учраас үүнд нь урамшиж, өөрөөрөө бахархдаг. Үнэхээр судас нь олдохгүй хүн байвал намайг дууддаг. Тэр үед тэмтэрч, мэдрээд л олчихдог болохоор урамтай сайхан шүү.

Цагийг сайн баримталж, цагийн юмыг цагт нь хийх нь амьдралын минь гол зарчим юм.


-Ажил хийхэд саад болдог ямар зүйл байдаг вэ?

-Иргэд маш их стресстэй болж, бухимдаад байдаг болсон нь заримдаа ажлаасаа халширмаар мэдрэмж төрүүлдэг шүү. Үйлчлүүлэгчид дарамтлаад байдаг тал бий.  


-Иргэдээс хүсэх зүйл бий юу?

-Иргэд өөрсдийгөө хайрлаж, урьдчилан сэргийлж, өвдсөн бол хүндэрсэн үед нь биш эмчилж болох үед нь ирж эмчлүүлээд, эрүүл байцгаагаасай гэж хүсдэг.


-Ярилцсанд баярлалаа.

 

 

 

相关新闻