ӨВӨРХАНГАЙ: Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн хүүхдүүдийг хурдан даагаар байлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ![](/files/6640c2246b745.jpeg)
Арвайхээр, 2024 оны тавдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин,
даяар дуурсагдах далай даян дархан аварга Д.Цэрэнтогтохын нэрэмжит үндэсний
бөхийн хүүхдийн улсын аварга шалгаруулах барилдаан өнөөдөр дууслаа.
Барилдаанд 19 аймаг, нийслэлийн зургаан дүүргийн 524 өсвөрийн бөх 10-15 хүртэлх насны ангилалд уран мэхийг уралдуулан барилдаж, багийн дүнгээр Өвөрхангай аймгийн бөхчүүд тэргүүллээ. Удаах байрт Увс, Өмнөговь, Ховд, Архангай аймгийн ирээдүйн аваргууд шалгарав.
Арвайхээр сумын Засаг дарга Б.Ганбат "Авзагын хүчтэн" үндэсний бөхийн холбоог санаачлан байгуулж, “Ирээдүйн аварга” хүүхдийн цуврал барилдааныг гурван жил тасралтгүй зохион байгуулсан юм.
Тэрбээр хэлэхдээ, “Үндэсний бөхийн аваргуудын залгамж халаа болсон өсвөрийн бөхчүүдийг орон нутагтаа бэлтгэх, хүүхэд багачуудын бие бялдрыг чийрэгжүүлэх, үндэсний бөхөөрөө бахархах төлөвшлийг бий болгох зорилготой уг барилдааны цар хүрээг өргөтгөж, улсын хэмжээнд зохион байгуулах саналыг Монголын Үндэсний бөхийн холбоонд тавьснаар ийнхүү хэрэгжиж байна. Мөн Д.Цэрэнтогтох аваргын гэр бүл, үр хүүхэд дэмжиж хамтран ажилласанд талархаж байна” гэлээ.
Улсын аварга шалгаруулах хүүхдийн барилдааны нас бүрд тэргүүлсэн өсвөрийн бөхчүүдийг хурдан удмын даагаар байлж, батламж, медаль, мөнгөн шагнал гардууллаа. Мөн уран гараа дэвээтэй, уран барилдаантай хүүхдүүдэд гарын бэлэг, мөнгөн шагналыг гардуулав.