Мөрөнгийн хүрээ хийд таван төрлийн 500 мод тарив

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2024-05-13 17:35:42

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Бүх нийтээр мод тарих Үндэсний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөнгийн хүрээ Гандандаржаалан хийд “Амгалан дэлхий” ТББ хамтран таван төрлийн 500 мод тарьж, хийдийн гадаах талбайг моджуулж, цэцэрлэгжүүллээ.


Олон нийтэд үйлчлэх “Амгалан дэлхий” ТББ дөрөв дэх жилдээ Хөвсгөл аймгийн Мөрөн суманд орчноо моджуулах төсөл хэрэгжүүлж, 2500 дахь модоо хандивлан, Гандандаржаалан хийдийн сүсэгтнэн олон болон Улсын бүртгэлийн газрын хамт олон, залуучууд, ахмадууд гэр бүлээрээ ирж хамтдаа мод тарилаа.


240 гаруй жилийн түүхтэй Мөрөнгийн хүрээ хийдийн суурин дээр 1991 онд байгуулагдсан Ганданжаалан хийд нийт 5 га талбайтай юм. Түүнийхээ ихэнхийг моджуулж зүлэгжүүлж, аялагч сүсэгтнүүд, хүүхэд залуусын амарч салхилдаг газар болгохыг зорьж байгааг хийдийн хамба Д. Хоролбат лам танилцууллаа.  

Тэрбээр “Мод тарих амархан ч тарьснаа арчлах нь чухал. Дээр нь байгаль дэлхийтэйгээ зүй зохистой харьцах, ээлтэй байхыг манай хийд олон нийтэд уриалж байна. Бурханы номлолд хог тарихаас эхлээд зүй бус харьцаж ул мөр үлдээх нь лус савдгийн хорлол, үйлийн муу үрийг тарьдаг гэдэг.

Тиймээс эх дэлхий, ахуй орчинтойгоо зөв зохистой харьцах, ээлтэй байхыг таниулан сурталчлах нь чухал байна. Тогтвортой хөгжлийн зарчим, сургааль ч энэ юм” гэлээ.


“Амгалан дэлхий” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Д.Даваадулам, “Анх хүүхдийн орчныг моджуулъя, ногоон болгоё гэдэг үүднээс “Амгалан дэлхий” төслөө санаачлан 2021 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын “Авьяас” сургуульд 1000 мод бэлэглэж, хамтдаа тарьж байсан. Төсөл “Дэлгэрмөрөн” сургууль болон Политехникийн коллеж гэсэн 3 сургуульд хэрэгжиж, энэ жил Гандаржаалан хийдээс санал тавьснаар хамтарч байна. Бид гүйлс, хайлаас, голт бор, үхрийн нүд, гацуур зэрэг нийт таван төрлийн 500 мод тарилаа” гэв.


“Амгалан дэлхий” төслийн орон нутаг дахь зөвлөх, доктор Ж.Оюунмаа хэлэхдээ “Гандан хийд, лам нар, ер нь шашныхан хүний сэтгэлийг эмчилдэг. Одоо байгалийг эмчлэхэд бүтээлчээр хандан олон нийтийг уриалж, анхаарал хандуулж байна. Үүний нэг жишээ нь Мөрөнгийн хийдийн лам нар Үндэсний мод тарих өдөрт нэгдэж мод тарьж байгаа үйл юм. Дэлхийг амгалан болгохын төлөөх зорилго, үйлсийн нэг шугаман дээр Гандандаржаалан хийд, ТББ хоёр нэгдэж байгааг харлаа” гэв.  


相关新闻