Байгаль орчны чиглэлийн лабораториудыг нэгтгэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-05-20 10:50:45

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Байгаль орчны шинжилгээний лабораториудын хүчин чадлыг нэмж, чадавхыг сайжруулахаар Усны газар, Байгаль орчны судалгаа шинжилгээний төв, Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвийн лабораторийг ЦУОШГ-ын харьяа Байгаль орчин, хэмжил зүйн төвд нэгтгэхээр боллоо.


Лабораториудыг нэгтгэснээр Засгийн газрын байгаль хамгаалах удирдлагын тогтолцоог бэхжүүлж, хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг багасгах, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэх үйл ажиллагаа сайжирна.


Түүнчлэн, одоогийн бүрдсэн нөөцөд тулгуурлан Өмнөговь аймгийн УЦУОШТ-ийн Байгаль орчны шинжилгээний лабораторийг говийн бүсийн, Увс аймгийнхыг баруун бүсийн, Өвөрхангай аймгийнхыг хангайн бүсийн, Дархан-Уул аймгийнхыг төвийн бүсийн, Хэнтий аймгийнхыг зүүн бүсийн төв лаборатори болгон өргөжүүлнэ. Ингэснээр агаар, ус, хөрсөн дэх хүний эрүүл мэндэд шууд нөлөөлөх, хавдрын өвчлөл үүсгэх, гений өөрчлөлт бий болгох эрсдэлтэй олон төрлийн хорт органик нэгдэл, хүнд металлыг нарийвчлалтай тодорхойлох, орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх, багасгах, хамгаалах тогтолцоог бэхжүүлэх юм. 

相关新闻