Хүсэл сонирхлоороо мод тарьж болох дөрвөн байршил нийслэлд бий
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2024 оны
тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол
Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан дэвшүүлсэн “Тэрбум мод” үндэсний
хөдөлгөөн улс орон даяар өрнөөд 3 жил болж байна.
Энэ хугацаанд нийт 42 сая мод тарьж, 7 саяар тоологдож байсан тарьц суулгацын нөөц 62 сая болжээ. Мөн мод үржүүлгийн тоо 30 хувиар нэмэгдсэн талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас өнөөдөр мэдээлсэн юм. Ойн газрын Ойн нөхөн сэргээлтийн хэлтсийн дарга Б.Ганзоригтой уулзаж зарим мэдээллийг тодрууллаа.
-Энэ жил бүх нийтээр мод
тарих үндэсний өдрийг сарын аян болгож байгаа. Хугацааг ингэж сунгаснаар тарих
модны тоо өмнөх жилүүдийнхээс хэдэн хувиар нэмэгдэх вэ?
-Энэ жил бүх нийтээр мод
тарих үндэсний өдөр өнгөрсөн амралтын өдөр 11-нд тохиосныг та бүхэн мэдэж
байгаа. Энэ ажлыг бид энэ онд сарын ажил болгон зохион байгуулж байгаа.
Яагаад гэвэл, монгол орон
өргөн уудам нутагтай, экологи, байгалийн олон янзын бүсэд оршиж байдаг учир
зарим газар модны нахиа задарч байхад нөгөө хэсэгт задраагүй байдаг тул мод
тарих ажлыг сарын хугацаанд үргэлжлүүлж байгаа.
Тооны хувьд тарьж буй мод
нэмэгдэж ирсэн. Он оноор авч үзвэл хөдөлгөөний эхний жил 2021-2022 онд 15 сая, 2023 онд 20 гаруй
сая мод тарьж, энэ онд 30 саяыг улс, орон нутгийн төсөв, уул уурхайн компани,
ААН-үүд, бусад төсөл хөтөлбөрийн хүрээнд тарихаар төлөвлөөд байна.
Ер нь хөдөлгөөний эхний 3 жил бэлтгэл ажлыг хангах, суурь баазыг бий болгож бүрдүүлэх хугацаа байсан. Энэ оноос "Тэрбум мод" хөдөлгөөний 2 дахь үе шат эхэлж байна гэж хэлж болно. 2025-2026 онд их хэмжээгээр тарьж эхэлнэ. Тэр үед жилдээ 100 сая биш, 200-300 сая болж, тэрбум мод тарьж гүйцэх төлөвлөгөөтэй байна. Ийм их хэмжээний ойжуулалт хийхэд техник, технологи ашиглах шаардлага үүсэж байгаа. Үүнийг бид судлаад туршиж эхэлж байна.
-Энэ жил мод тарих аяныг Улаанбаатар
хотод хэрхэн зохион байгуулж байна вэ?
-Нийслэл хотын хувьд ААН,
байгууллага, иргэдийг Ар гүнт, Хан-Уул дүүрэгт Түргэний голын хөндий дэх зурвас,
“Шинэ Налайх” болон Гачуурт дахь олон улсын цэцэрлэгт хүрээлэн гэсэн төвлөрсөн
4 байршилд хуваарилан, хуваарийн дагуу мод тарьж байгаа. Энэ сарын 18-19-ний амралтын өдрүүдэд үргэлжлэн тарина.
Дээр дурдсан 4 байршилд иргэд өөрсдийн хүсэл сонирхлоор очоод мод тарьж болно. Таны тарьсан модыг тухайн цэцэрлэгт хүрээлэнгийнхэн жилийн 4 улирал арчилж, тордож хамгаалж ургуулна гэсэн үг.
-“Тэрбум мод” хөдөлгөөний
хүрээнд уул уурхайн компаниуд 622 сая мод тарихаас заримыг нь дүйцүүлэх
байдлаар мод тарих хөрөнгийг ойн салбарт шилжүүлж байгаа. Нийт амласан модныхоо
хэдэн хувийг дүйцүүлэх байдлаар шилжүүлж байгаа вэ?
-Уул уурхайн нийт 22
компани 680 сая мод тарихаар амласан. Дүйцүүлэх байдлаар нэг л компани буюу “Оюутолгой”
ХХК санамж гэрээ байгуулан ажиллаж байгаа. Энэ хүрээнд тус компани 100 саяыг
тарьж ургуулахаас 60 сая мод тарьж, 40 саяынх нь хөрөнгийг ойн салбарт шууд оруулах юм.
Нэгдүгээрт, ойн салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, хоёрт, уул уурхайн нөлөөгөөр эвдрэлд орсон газруудыг нөхөн сэргээх юм. Гуравт, ойн салбарт хэрэгтэй байгаа хүлэмжийн аж ахуйн болон техник, тоног төхөөрөмж, эд материал худалдан авах юм.
-Мянган
сургагч багш бэлтгэх үйл ажиллагаа ямар байдалтай байгаа вэ?
-Мянган сургагч багш бэлтгэхээс 1036 хүнийг бэлдсэн. 500 нь сургалтад бүрэн хамрагдаж, төгсөөд сертификатаа аваад сум орон нутагтаа ажиллаж байна. Одоо 7 аймагт хээрийн сургалт явагдаж байна. Үүний өмнө Өмнөговь, Дундговь, Өвөрхангайд хээрийн сургалт зохион байгуулсан бол одоо Хөвсгөл аймагт мөн явуулж байна.
-Технологийн дэвшлийг
ашиглаад иргэд байгууллага QR кодоор тарих модоо захиалаад ургуулна, түүнийгээ
байнга хянаж харж байх боломжтой болно ойлгож болох уу?
-Ийм боломжийг бий
болгохын тулд “Тэрбум мод.мн” вэбсайт болон аппликэйшныг хэрэглээнд нэвтрүүлээд
байгаа. Мөн хувийн хэвшлийнхэн “Модлог.мн” гээд бусад сайт, QR-ыг ашиглаад
тарьсан модоо бүртгүүлж, арчилж хамгаалдаг үйл ажиллагааны санал санаачилга гаргаад
явж байна.