БАЯНХОНГОР: Богд сумын ЭМТ-д иж бүрдэл хамгаалах хэрэгсэл хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-05-14 12:03:04
Баянхонгор, 2024 оны тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Богд сумын Эрүүл мэндийн төвийнхний хүсэлтээр эмч, ажилчдын хувийн хамгаалах хэрэгслийн нөөц бүрдүүлэхэд туслалцаа үзүүлж БНСУ-ын Экспорт импортын банк, Нийгмийн сайн сайхны төлөө сан, Рафаэл сан, Рафаэл Интернэйшнл байгууллагаас илгээсэн иж бүрдэл хамгаалах хэрэгсэл илгээжээ. Хандивыг өнөөдөр Рафаэл Интернэйшнл байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газраас Богд сумын Засаг дарга Л.Ганаад гардуулан өглөө.

Хамгаалах иж бүрдэлд KN95 амны хаалт 1200 ширхэг, нэг удаагийн резинэн бээлий 36 хайрцаг, нэг удаагийн улавч 2000 хос, нэг удаагийн малгай 750 ширхэг, нэг удаагийн нөмрөг 200 ширхэг тус тус багтжээ.

Өмнө нь тус байгууллагаас Баянхонгор аймгийн Хүрээмарал, Бууцагаан, Баянбулаг сумын эрүүл мэндийн төвүүдэд тус бүр зургаан сая төгрөгийн эмнэлгийн хэрэгслийг 2021 онд олгож байсан байна.

БНСУ-д төвтэй Рафаэл Интернэйшнл байгууллага нь Монгол, Мьянмар, Филиппин, Непал, Лаос зэрэг улс орнуудад эрүүл мэндийн дэмжих төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг ТББ юм байна. Монгол Улс дахь төлөөлөгчийн газраараа дамжуулан 2007 оноос улсын 1, 2, 3 дугаар шатлалын 50 орчим эмнэлгийн 1000 гаруй эмч мэргэжилтэн, АШУҮИС-ийн 300 орчим багшид сургалт явуулж, зүрхний төрөлхийн гажигтай 100 орчим хүүхдийг эмчлэн, 21 аймаг сумын 7400 орчим зорилтот бүлгийн иргэнд эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийсэн байна.
相关新闻