Шинжлэх ухаан, технологийн салбарын эрдэмтэд хэлэлцүүлэг өрнүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2024-05-15 20:30:56

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Шинжлэх ухаан, инновац, технологийн салбарын менежментийг шинэ шатанд гаргаж, шинжлэх ухааны нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэхээр эрдэмтэн судлаачид чуулах гэж байна.


Маргааш болох “Шинжлэх ухааны ажилтны улсын II их хурал”-ын хүрээнд шинжлэх ухаан технологийн салбарын эрдэмтэн мэргэд, судлаач, төр, хувийн хэвшлийн төлөөлөл 4 салбарт хуваагдан өнөөдөр хэлэлцүүлэг өрнүүллээ.


“Шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого” сэдвийн хүрээнд эхний салбар хуралдаан болов. Хуралдаанд хууль тогтоогчид, шинжлэх ухааны салбарын эрдэмтэн мэргэд, төр, хувийн хэвшлийн төлөөлөл, их дээд сургууль, судалгааны хүрээлэнгийн багш судлаачид оролцлоо. Шинжлэх ухаан технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 18 жилийн дараа буюу УИХ-ын энэ хаврын чуулганаар хэлэлцэн баталсан бөгөөд уг хуульд тусгалаа олсон шинэ бүлэг, хэсэг, заалт бүхий шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд чиглэсэн нэгдсэн бодлого төлөвлөлт, салбарын хөгжлийн урт, дунд хугацааны хөтөлбөр төлөвлөгөө, салбарын хөгжлийг хангахад чиглэсэн боломжуудын талаар хөндөн ярилцав. Мөн шинжлэх ухаан, технологийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар Засгийн газрын түвшинд батлуулсан эрх зүйн зохицуулалтын талаар хэлэлцсэн юм.   


“Шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөцийн хөгжил” сэдвээр 2 дугаар салбар хуралдаанд оролцогчид хэлэлцүүлэг өрнүүллээ. 2024 оны байдлаар салбарын хэмжээнд 7 мянга орчим хүн ажиллаж байна. Нэг сая хүнд ногдох эрдэмтдийн тоогоор 374 байгаа нь олон улсын түвшинтэй харьцуулахад 3-5 дахин бага үзүүлэлт ажээ. Шинжлэх ухаан, технологийн салбарт ажиллагсдын цалинг 2022-2024 онд жил бүр 10-40 хүртэл хувиар нэмэгдүүлсэн ч шинжлэх ухааны салбарын судалгаа хөгжүүлэлтийн үр дүнд гарсан эрдэмтдийн бүтээл, оюуны үнэлэмж олон улсын түвшнээс доогуур байгаа юм. ШУА-ийн эрдэмтэд, салбарын бодлого төлөвлөлтийн газрын удирдлагууд, багш судлаачид, Монголын Залуу Эрдэмтдийн холбооны төлөөлөл бүхий уг салбар хуралдаанд оролцогчид шинжлэх ухааны ажилтны хүний нөөцийн хөгжил, цалин хөлс, урамшуулал, нийгмийн баталгаа, шийдвэрлэх боломж, гарц шийдлийн талаар саналаа хэлж “Шинжлэх ухааны ажилтны улсын II их хурлын шийдвэрт тусгуулахыг хүслээ. 


“Шинжлэх ухаан, технологийн санхүүжилт, дэд бүтэц” сэдвийн хүрээнд 3 дугаар салбар хуралдаан болов. Салбар яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газар, Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар, МҮХАҮТ болон эрдэмтэн, багш нарын төлөөлөл шинжлэх ухаан, технологийн санхүүжилтийн эх үүсвэр, менежмент, хатуу болон зөөлөн дэд бүтцийн талаар мэдээлэл сонсож цаашдын хөгжлийн талаар ярилцав. Шинжлэх ухаан, технологийн салбарт ДНБ-ий 0.12 хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт олгож байгаа бөгөөд цаашид 1 хувьд хүргэх нь ойрын ирээдүйн зорилт гэлээ. Мөн олон эх үүсвэрээс санхүүждэг болох, судалгаа шинжилгээний байгууллагууд орлого олох боломжийг бүрдүүлэх талаар оролцогчид саналаа хэлсэн юм. 


Шинжлэх ухаан бол нэг салбарын биш салбар дамнасан үйл ажиллагаа тул хамтын ажиллагаа зайлшгүй чухлыг 4 салбар хуралдаан оролцогчид хэлж байв. “Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд болсон салбар хуралдааны үеэр инновац ба технологи дамжуулалт, шинжлэх ухаан, аж үйлдвэрийн хамтын ажиллагаа сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв.

Агаарын бохирдол, түгжрэл, төвлөрөл гээд олон асуудал шинжлэх ухаанч судалгаанд суурилаагүй шийдвэр гаргалтаас үүдэлтэй гэдгийг оролцогчид дурдан өнөөдрийг хүртэл хуримтлагдаж, улс орны тулгамдсан асуудлын нэг болоод зогсохгүй хүн амын эрүүл, аюулгүй, тав тухтай амьдралын баталгаа, амьдралын чанарт нөлөөлөх асуудал болоод байгаа гэлээ.  Тиймээс ялангуяа Монгол Улсын хөгжлийн суурь салбаруудын бодлого төлөвлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шийдвэрлэх, эдгээр салбарт шинжлэх ухааны үүрэг, оролцоо хамтын ажиллагааг онцгойлон анхаарч ажиллах шаардлагатай талаар саналаа хэлсэн юм.




相关新闻