Нийслэлд "Эрүүл Монгол хүн" хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Сүхбаатар дүүргээс “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг эхлүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэхээр Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Захирамжийн хүрээнд тус хөдөлгөөний үйл ажиллагааг нийслэлд идэвхжүүлж, иргэдийн эрүүл мэндийг сайжруулах, өвчлөл эндэгдэлд хүргэж буй эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, амьдралын зөв дадал, хэвшлийг бий болгох, хорт зуршил, архи тамхины хэрэглээг бууруулах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. “Эрүүл Монгол хүн” хөдөлгөөний үйл ажиллагаа өргөжин нийслэлийн хэмжээнд хэрэгжсэнээр хүн амын эрүүл мэндийн байдал сайжирч, тусламж үйлчилгээ өргөжин өвчлөл эндэгдэл буурах боломжтой гэдгийг албаны хүмүүс онцолсон.
Сүхбаатар дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд зөв зохистой хооллох, хорт зуршлаас татгалзах, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх талаар иргэдэд зөвлөгөө мэдээлэл өглөө.
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг, "Сүүлийн жилүүдэд иргэдийн амьдралын буруу зуршилтай холбоотой халдварт, хавдрын өвчлөл нэмэгдэж байгаа болохыг эрүүл мэндийн салбарынхан анхааруулж байна. Өвчин туссаных нь дараах үр дагавартай нь тэмцэх бус түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарч бодлогоо тодорхойлж ажиллах шаардлага бий. Бид иргэдийн архи тамхины зохисгүй хэрэглээг бууруулж зөв дадалд хэвшүүлэх, эрүүл мэндийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлд тодорхой ажил зохион байгуулж байна" хэмээлээ.
