ДАРХАН-УУЛ: Ангиараа 900 гаруй ном уншиж “Номын сайн нөхөр” хамт олон болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2024 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд 2024”-ийн хүрээнд зохион байгуулсан “Номын сайн нөхөр” улсын уралдаанд Дархан-Уул аймгийн "Од" сургуулийн 5-10 анги “Шилдэг уншигч-анги хамт олон”-оор шалгарчээ. Улаанбаатар хотод болж буй 35 дахь удаагийн “Номын баяр”-ын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар тус шагналыг гардуулсан байна.
Ном уншсанаар хүүхдийн ярих чадвар болон харилцаа сайжирч, бүтээлч байдал нэмэгддэг гэж анги удирдсан багш Э.Мягмаржаргал онцоллоо.
2023 онд Д.Нацагдорж тэмдэгтэн хамт олон болж байсан 5-10 анги энэ онд 900 гаруй ном уншжээ. Сурагч бүр уншсан номын тэмдэглэл хөтөлж, багш, ангийн найзууддаа танилцуулж мэдээллээ хуваалцдаг аж.
Бямба гаргийг бүтээлч өдөр болгожээ. Тухайн өдөр сурагчдад гэрийн даалгавар өгөх бус номтой нөхөрлөх, уншсан номтойгоо холбоотой болон монгол хэл, дүрслэх урлаг, математикийн хичээлтэй холбоотой бүтээл хийдэг байна.
Э.Мягмаржаргал багш сурагчдаа гуравдугаар ангиасаа эхлэн танхимаар хичээллэж эхлэхэд Хүүхдийн номын ордонтой хамтрахын зэрэгцээ сургуулийнхаа "Ухаарлын толь" клубийн үйл ажиллагааг дэмжин номтой нөхөрлөжээ. Хүүхэд бүр уншсан номын тэмдэглэл хөтөлж эхэлснээр унших чадвар сайжирч, нэг минутад унших үгийн тоо нэмэгдэж эхэлсэн гэв.
Тус анги ковидын цар тахлын үед нэгдүгээр ангид элсэн орж хоёр жил танхимаар
хичээллэсэн тул анги хамт олны уур амьсгалыг бүрдүүлэх, хоцрогдлыг арилгахад
ном нөлөөлжээ.