Туульсын баатрын хувцас, зүүсгэлийг анх удаа судалжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2024-05-21 21:06:10

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Хэл бичгийн ухааны доктор Н.Нарангэрэл монгол туульсын баатрын хувцас, зүүсгэлийн дүрслэл хийгээд зан үйлийн талаар харьцуулсан судалгаа хийж, ном хэвлүүлжээ. 


“Монгол туульсын баатрын хувцас, зүүсгэлийн дүрслэл хийгээд зан үйл” номын нээлт Монголын Үндэсний музейд өнөөдөр болов. Энэхүү судалгааны бүтээл нь монголчуудын туулийн өв соёл зөвхөн үгийн урлаг төдийгүй монголчуудын эдийн соёлын том дурсгал болохыг нээснээрээ онцлогтой.

Монгол туульсын баатруудыг хуяглахдаа гутал, дээл, бүс, малгай гэх ерөнхий дарааллаар хувцаслах нь бөө мөргөлд бөөг хуяглах дараалалтай адил байгааг тэрбээр тогтоосон байна. Туулийн баатар дан ганц хуяг өмсдөггүй, давхарлаж өмсдөг нь утга бэлгэдэлтэй аж. Тэрбээр аман болон бичгийн эх сурвалжууд, археологийн олдворуудыг харьцуулан судалж 2000 гаруй жилийн хугацаанд хамаарах олон баримтын холбоо хамаарлыг номдоо тайлбарлажээ.

Монгол туульс дахь хувцас зүүсгэл, түүнийг бүтээх, үүсгэх, хэрэглэх, үйлийг нэгэн цогцолбор зан үйл хэмээн үзсэнээрээ монгол зан үйлийн судлал болон монгол тууль судлалд чухал ач холбогдолтойг Хэл бичгийн ухааны доктор Н.Нарангэрэл онцлов. 


Тэрбээр, “Монгол баатарлаг 300 гаруй туулиас 45 төрлийн хувцсыг илрүүлж археологийн олдвор болон


түүхийн сурвалжуудтай харьцуулан энэхүү судалгааг гаргаснаараа онцлогтой. Монгол туулийг 2009 онд ЮНЕСКО-гийн “Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалт”-д бүртгүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр “Монгол баатарлаг туульсаа түгээн дэлгэрүүлэх тухай” 13 дугаар зарлиг гаргасан. Тиймээс үе уламжлан ирсэн туульчдын соёлын биет бус өвийг уламжлуулах, түгээн дэлгэрүүлэхэд монгол төдийгүй дэлхий нийтээрээ анхаарч байна. Эл бүтээлд монгол зургийн зураачидтай хамтран баатарлаг туульсын судалгааны 45 төрлийн хувцас зүүсгэл, зэр зэвсгийг археологийн бодит олдвортой харьцуулсан хувцсыг инновац болгож буйгаараа онцлогтой. Өнөөгийн цахим эрин үед монгол туулийг соёлын контент, медиа урлагийн бүтээл болгон дэлхийд түгээхэд хувцас зүүсгэл, чимэг, тэдгээрийг зүүх, хэрэглэх ёсны тухайд түүхэн үндэстэй, үнэн бодитой урлаг, уран сайхан, тайз дэлгэцийн бүтээл туурвилын суурь үндэс болох практик ач холбогдолтой юм” гэв. 


Туульсад монголчуудын сууж байсан гэр орон, эдэлж хэрэглэж байсан хувцас хунар, зэр зэвсэг зэрэг эдийн соёлыг өргөн дүрсэлж үлдээсэн байдаг. Эдгээрээс хувцас зүүсгэлийг сонгон авч хэрэглээ болон зан үйл, бэлгэдлийн талаас нь анх удаа судалсан нь ач холбогдолтой гэдгийг судлаачид хэлж байна.


Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан, доктор Т.Баясгалан хэлэхдээ, “Монгол тууль бол төрийн, язгууртны түүх юм. Энэхүү ном өдгөө цагийн хүмүүсийг олон зуун жилийн өмнөх түүхэн аж байдалтай уулзуулж чадсанаараа ач холбогдолтой. Бид саахалтын газар тойроод судалгаа хийдэг байсан бол номын зохиолч нүүдлийн чинээ газар болгож өргөтгөж чадлаа. Монгол тууль гайхамшиг гэдгийг дахин нээж харуулснаараа ач холбогдолтой бүтээл боллоо” гэв.


Хэл бичгийн ухааны доктор Н.Нарангэрэл 2011 онд “Чин сүзэгт номын ханы өв соёл”, “Ламын гэгээний лагшин эрих” ном, 2010 онд яруу найргийн “Тийн мэдрэхүйн гуниг”, 2013 онд “Хөдөлгөөн”, “Хөх мэдрэхүй” бүлгэмийн хамтаар “Хөх мэдрэхүй” шүлгийн цоморлигийн ном гаргасан. 


2009 онд Шинжлэх ухааны доктор С.Дуламын хамт “Хонгор нутгийн түүх домгийн чуулган”, “2016 онд Шинжлэх ухааны доктор Г.Гантогтохын хамт “Дархад дууны цоморлиг”, 2020 онд Шинжлэх ухааны доктор Б.Катуутай “Монгол ардын домогт дуу” номыг хамтран бүтээж эмхэтгэжээ.


Мөн “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийн Ажлын хэсгийг ахлан ажилласан байна. Тэрбээр гүр дуу, ардын дуу, туульсын хувцас зүүсгэлийн чиглэлээр 20 гаруй өгүүлэл, илтгэлийг гадаад, дотоодод хэвлүүлээд буй юм.





相关新闻