Шинэ Хархорум хотын үзэл баримтлалыг боловсруулах уралдаанд 54 улсын 428 баг оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-05-22 10:49:35

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ сарын 21-ны өдрийн хуралдаанаар “Орхоны хөндийд Шинэ Хархорум хот байгуулах тухай” УИХ-ын өнгөрсөн оны 07 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл сонслоо.


Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн байнгын хороонд хийсэн мэдээлэлдээ, "Одоогоор шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын үндэсний хороо, шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааг тус тус байгуулж, эхний ээлжийн арга хэмжээний төлөвлөгөөний дагуу тодорхой ажлыг гүйцэтгэж байна. Шинэ Хархорум хот байгуулах газрын байршил, хэмжээг тогтоож, хот байгуулах зориулалтаар Архангай аймгийн Өгийннуур, Хашаат сум болон Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт нийт 189.363 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан. Тус газрын хөрсний судалгаа, инженер геологийн судалгааны ажлыг хийж байна.


Мөн хотын ундны хэрэгцээг хангах усны судалгааг эхлүүлэхэд бэлэн болсон. Нийслэлээс шинэ Хархорум хүртэлх авто зам, цахилгаан дамжуулах шугам болон шинэ нисэх буудал байгуулах байршлыг сонгосон. Ерөнхийлөгчийн Тамгын газар, шинэ Хархорум бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаатай хамтран тус хотын хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын нээлттэй уралдааныг зарлаад буй. Нийт 54 улсын 428 баг оролцохоор бүртгүүллээ. Эдгээр баг энэ оны долоодугаар сарын 16-ны дотор өөрсдийн төлөвлөлтийг ирүүлэх юм. Наймдугаар сарын нэгнийг хүртэлх хугацаанд олон улсын нэртэй архитектурч, төлөвлөгч нараас бүрдсэн үнэлгээний баг төлөвлөлтийг үнэлэн, нэгдсэн үзэсгэлэн зохион байгуулж, олон нийтийн саналыг авна. Эдгээрээс таван багийг сонгож, шинэ Хархорум хотын хөгжлийн концепцыг боловсруулна.


Хотын гол цэг болох төв талбайн тохижилтын ажил, Ерөнхийлөгчийн ордны цогцолборын зураг төсөл болон Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтыг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран боловсруулж байна. Монгол Улсын нутаг дэвсгэрийн төв хэсэгт үндэсний соёл иргэншлийн өв уламжлалыг хадгалсан, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангасан, ногоон, ухаалаг, хүн төвтэй шинэ хотыг төлөвлөж байгуулснаар эртний нийслэл Хархорум хотыг дэлхий дахинд шинээр таниулах соёл, аялал жуулчлалыг хөгжүүлэх, улс орны нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжих, төвлөрлийг сааруулах, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах, шинжлэх ухаан, технологи, инновацад тулгуурласан ажлын байрыг бүс орон нутагт шинээр бий болгох, хүн амын хэт төвлөрлийг бууруулах зэрэг үр дүн гаргахаар ажиллаж байна гэсэн мэдээллийг өглөө.


Дараа нь Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Н.Нацагдорж бүтээн байгуулалтын тухай нэмэлт мэдээллийг өгсөн. Шинэ хотод 500 мянган хүн амьдрахаар төлөвлөжээ. Хотын суурьшлын бүсийг 25 мянган га-д хийх аж. Энэ нь Улаанбаатар хоттой харьцуулбал 3 дахин том юм. Хот байгуулалтын өнөөгийн нөхцөл байдал, нутаг дэвсгэрийн онцлог, нийгэм эдийн засгийн өсөлт, цаг үеийн өөрчлөлт, ирээдүйн хотжилтын чиг хандлагад нийцүүлэн Хархорум хотыг Засаг захиргаа, Түүх, соёлын аялал жуулчлал, Олон улсын харилцаа, Өндөр технологийн үйлдвэрлэл, Эрүүл мэндийн үйлчилгээний төв болгон хөгжүүлэх аж. Хотод байгуулах нийгмийн дэд бүтэц буюу хэдэн цэцэрлэг, сургуулийг хаана байгуулах нь үндсэндээ тодорхой болжээ. Хотын хамгийн өндөр хэсэг 26 давхар буюу 80 метр хүртэл, дунд хэсэгтээ газрынхаа зориулалтаас шалтгаалаад 50 метр хүртэл буюу 16 давхар барилгатай байх юм.


Уг хотын төлөвлөлтөд олон нийт, эрдэмтэн судлаачид, хот төлөвлөлтийн салбарын мэргэжилтнүүд, төрийн болон мэргэжлийн байгууллага, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын санал зөвлөмжийг үе шаттайгаар авсан. Нийт 68 удаагийн уулзалт, 5 удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.

相关新闻