Газрын тос дамжуулах хоолойн төсөлд ашиглах талбайн солбицлыг тогтов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-09-02 10:44:06

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Газрын тосны үйлдвэрийг түүхий эдээр хангах “Газрын тос дамжуулах хоолойн төсөл”-ийн дэд бүтцийн ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг баталлаа.


"Газрын тос дамжуулах хоолойн төсөл”-ийн дэд бүтцийн бүтээн байгуулалт хийх 528 км технологийн зам засвар, арчлалт болон газрын тос дамжуулах хоолой дагасан таван байршилд бүтээн байгуулалт үргэлжилж байна. Гүйцэтгэгч нь олборлолт хийсэн талбайдаа байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх, сөрөг нөлөөллийг бууруулах, нөхөн сэргээлт хийсэн талбайг орон нутагт хүлээлгэн өгөх, түүх, соёлын олдвор, эд өлгийн зүйлс илэрсэн тохиолдолд үйл ажиллагааг зогсоон холбогдох байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээдэг.


Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглаж байгаа хуулийн этгээдээс орон нутгийн төсөвт төвлөрүүлэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөлтөд хяналт тавьж ажиллахыг Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг дарга нарт даалгасан гэж ЗГХМОНХГ-аас мэдээлэв. 

相关新闻