ЗАВХАН: 260 гаруй хүүхдэд ном уншихын ач тусыг таниулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-05-28 12:39:31

Улиастай, 2024 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Б.Явуухулангийн нэрэмжит Завхан аймгийн төв номын сангаас ном уншихын ач холбогдол сэдвээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан цуврал ярилцлага, нөлөөллийн ажлыг сарын турш явуулж байна.


Өнөөдрийн байдлаар ном уншихын ач холбогдлыг Улиастай сумын дөрвөн сургуулийн 260 гаруй хүүхдэд таниулаад байна.


Номыг хэрхэн сонирхолтой аргаар уншиж судлах, уншсан номоо төсөөлөн бодож тэмдэглэл хөтлөх. Ямар номыг унших дуртай байгаагаа эргэцүүлж, тодорхойлохыг хүүхдүүдэд таниулж харилцан ярилцжээ. Ном уншихад тархины идэвхжил эрс нэмэгдэн, тархины гимнастик болж байдаг тул уураг тархийг мартах өвчнөөс хамгаалж байдаг.


Номыг унших явцдаа бид зохиолын баатрууд, тэдний хүрээлэн буй орчин зэрэг олон зүйлийг төсөөлөн бодож, тогтоон авдаг. Ингэснээр ой тогтоолт, логик сэтгэхүй сайжирдаг.


Тиймээс энэхүү цуврал ярилцлагуудын үр дүнд хүүхдүүд зуны амралтаа үр дүнтэй өнгөрөөж, номын сайн нөхөр болж чадна гэж Завхан аймгийн Номын сангаас мэдээлэв.


Ташрамд, 35 дахь номын баярыг угтаж бага ангийн сурагчдыг номын сантай танилцуулах, үлгэр сонсох, үлгэр унших, үлгэрийн баатар зурах дадал хэвшил суулгах зорилготой үйл ажиллагааг явуулж, 120 гаруй хүүхэд хамруулжээ. "Хамтдаа хөгжье" чанга уншлагын сарын аянд Улиастай сумын 5 сургуулийн 11 анги оролцжээ.

 

相关新闻