М.Амаржаргал: Астмаас урьдчилан сэргийлэх мэдлэг ойлголтыг сайжруулах нь чухал байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-05-28 15:57:52

Улиастай, 2024 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн хэмжээнд халдварт бус өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд амьсгалын замын өвчнүүд орж байна.


Тухайлбал амбулаториор жилд давхардсан тоогоор 5122 хүн үйлчлүүлдэг, үүний 70-100 нь астма оноштой байна. Тиймээс астмаас урьдчилан сэргийлэх, иргэдийн мэдлэг ойлголтыг сайжруулахад илүү анхаарах нь чухал юм гэж эмч нар сануулж байна. Астма өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, энэ өвчнөөр өвдсөн өвчтөнүүдтэй хэрхэн харилцах талаар Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын тасгийн Уушги судлалын эмч М.Амаржаргалаас тодрууллаа.


-Халдварт бус өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд амьсгалын замын өвчнүүд ордог юм байна. Тэгвэл астма өвчний талаарх мэдээллийг өгнө үү?

-Астма нь халдварын болон халдварын бус шалтгааны улмаас гуурсан хоолойн гөлгөр булчин агших, гуурсан хоолойн салст хавагнах. Хэт мэдрэг байдал ихэссэнтэй холбоотойгоор тухайн хүнд эмнэл зүйн шинж тэмдэг, зовуурь илэрдэг өвчин. Дахилттай халдварт бус, эргэх шинж чанартай үрэвсэлт өвчин гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, архаг үрэвслийн улмаас гуурсан хоолойн гөлгөр булчин агшиж, гуурсан хоолой нарийсаж цэрээр бөглөрч, үрэвсэл үүссэнээс болж агаар дамжилт саатах буюу гаднаас хүчилтөрөгч агуулсан агаар уушги руу орох хэмжээ эзэлхүүн хязгаарлагддаг.


-Астма өвчний тархалт ямар байдаг вэ?

-Одоогоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Дэлхийн харшлын байгууллагаас гаргасан тоо судалгаагаар дэлхийд 339 сая хүн астма өвчинтэй гэсэн мэдээлэл бий. Астма нь 1980-аад оноос хойш хүн амын дунд түгээмэл тохиолдох болсон. 2030 он гэхэд астмын тохиолдол 400 сая болж өсөх хандлагатай байна. Жил бүр 250 мянган хүн астмын улмаас нас барж байна. Нас баралтын 80 хувь нь бага, дунд орлоготой орны хүн амд тохиолдож байна. Манай орны хувьд Улаанбаатар хотын насанд хүрсэн хүн амын дунд 53 мянга гаруй хүн астматай.

Цаашид хүүхэд, өсвөр насныхан, залуусын дунд мэдэгдэхүйц нэмэгдэх хандлагатай байгаа нь харамсалтай юм. Завхан аймгийн тухайд манай амбулаториор жилд давхардсан тоогоор 5122 хүн үйлчлүүлдэг. Эдгээр иргэд ханиад гэсэн оноштой ирдэг, гэвч ихэвчлэн астмаар өвчилсөн. Зарим өвчтөн өвчнөө хүндрүүлэн дур мэдэж оношилж эмчилсэн тохиолдол их байдаг.


-Астма өвчний шалтгаан нь юу вэ?

-Хотын хөгжил, тоосжилт, агаарын бохирдол үйлдвэрлэл ихэссэнтэй холбоотой астма өвчний тохиолдол нэмэгдэж байна. Мөн зөвхөн өвөл гэлтгүй жилийн дөрвөн улиралд агаарын бохирдол их байгаатай холбоотой юм. Агаарын бохирдлын шалтгаан нь ялангуяа насанд хүрэгчид астма өвчнөөр өвчлөхөд илүүтэй нөлөөлж байна.

Түүнчлэн астма өвчний талаарх мэдлэг ойлголт муу, мэргэжлийн эмчид хандахгүй, гэрээр дур мэдэн эмчилгээгээ хийх хандлага их байгаа нь амьсгалын замын өвчлөлийг бууруулахгүй, астматай болох эрсдэлийг бий болгож байна. Астма өвчин үүсгэх эрсдэлт хүчин зүйлс, гадаад, дотоод шалтгаан байдаг. Нэгдүгээрт, дотоод шалтгаан нь удамшил, гуурсан хоолойн хэт мэдрэг байдал ихэссэнтэй холбоотой.


Астматай хүмүүсийн 46.3 хувь нь удам дагасан төрөлхийн өртөмтгий хүмүүс байдаг. Эцэг, эхийн аль нэг нь астмаар өвдсөн бол төрсөн хүүхэд 40-50 хувийн магадлалтай.


Эцэг эх нь хоёулаа өвдсөн бол 90-100 хувь астамаар өвчлөх магадлалтай. Багадаа чихрийн харшилтай байсан хүүхдийн 25 хувь архаг экземтэй болж улмаар 60 хувь нь астма өвчтэй болдог. Гадаад шалтгаан нь халдварын болон халдварын бус хүчин зүйлстэй холбоотой юм.

Халдварын шалтгаан нь нян, вирус, мөөгөнцөр. Мөн шавж бясаа, жоом, шумуул. Гэрийн 50 гаруй төрлийн тоосонцорт агуулагдаж байдаг бөгөөд түүний 10-20 мкм хэмжээтэй ялгадас нь амьсгалж буй агаартай хамт уушгинд ордог. Ор дэрний хэрэгсэл, хивс, зөөлөн буйдан, хүүхдийн чихмэл тоглоом зэрэгт хамгийн ихээр агуулагддаг.

Мөн тамхины утаа. Халдварын бус шалтгаан нь, хамар дайврын үрэвсэл, ходоод улаан хоолойн сөөргөө, таргалалт. Ургамлын гаралтай эмгэг төрөгч болох, өвс, мод, цэцэг, ногоо. Гэрийн тэжээвэр амьтад нохой, муур. Хүнсний бүтээгдэхүүн сүү, өндөг, улаан буудай. Ахуйн хэрэглээний угаалгын бодис, хурц үнэртэй саван, гоо сайхны бүтээгдэхүүнүүд. Мэргэжлийн, цемент, будаг гэх мэт зүйлс нь нөлөөлөх хүчин зүйлс болдог. Харшлын суурьтай хүн ямар нэг хяналтгүй байвал астма өвчин рүү шилждэг. Ялангуяа хаврын улиралд дархлаа унах, мөн зуны улиралд ургамлын харшилтай хүмүүс илүү урьдчилан сэргийлэх, хугацаа алдалгүй мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.


-Мэдээж астма өвчнийг сэдрээгч хүчин зүйлүүд байдаг байх?

-Тэгэлгүй яахав. Эмийн бодисууд астма өвчнийг сэдрээдэг. Ялангуяа аспирины шалтгаантай астма гэж бий. Астматай, суурь харшилтай хүмүүс эмийг маш болгоомжтой хэрэглэх ёстой. Аспирин болон бусад өвчин намдаах, үрэвсэл дарах, халуун буулгах үйлчилгээтэй эмүүдийг аль болох эмчийн хяналт, заалтаар хэрэглэх хэрэгтэй. Мөн биеийн хүчний ачаалал нь сэдрээх хүчин зүйл болдог. Дасгал хөдөлгөөн биед сайн гэх боловч хэт ачаалалтай дасгал хийж болохгүй. Түүнчлэн цаг агаарын тааламжгүй байдал буюу агаарын даралт ихсэх, буурах, агаарын чийгшил хэт ихсэхтэй холбоотой астма өвчин сэдрэх гол нөлөө болдог.

Сүүлийн үед ажиглагдаж байгаа нэг хүчин зүйл нь сэтгэл санааны байдал.


Сэтгэл түгшил, сэтгэл гутрал нь астмыг сэдрээх гол хүчин зүйл болж байна. Манай тасагт сэтгэл зүйн шалтгаантай астма сэдэрч хэвтэн эмчлүүлж буй хүмүүс нэмэгдсэн.

Амьдралын хэв маяг ба астма өвчин таргалалт, тамхидалт, ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалан астма өвчин сэдэрдэг. Нэгэнт ажлаас болж астма сэдэрч байгаа бол аль болох мэргэжлээ солих байдлаар эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй.


-Астмын шинж тэмдэг болон харшлаас ялгарах онцлог нь ямар байдаг вэ?

-Астмын үндсэн шинж тэмдэг нь хуурай ханиалгах. Эхлээд хуурай ханиалгаж байгаад яваандаа хэвтэх үед илүү ханиалгах, улмаар цээжний өвдөлт нэмэгддэг. Астма өвчин сэдэрсэн тохиолдолд хөөсөрхөг, цагаан өнгөтэй, унжралдсан цэр их хэмжээгээр гардаг.

Мөн цээжээр өвдөх, зайнаас хяхтнасан, хэржигнэсэн чимээ сонсогддог. Оношилгоог нь, тухайн хүнд астмын шинж тэмдэг илэрвэл эхлээд өрхийн эмчдээ үзүүлнэ. Өрхийн эмч цааш чиглүүлээд уушгины эмчийн зөвлөгөө авах шаардлагатай эсэхийг асуумжаар үзэж тодруулдаг.

Уушгины эмч үзлэгээр анх оношлогдож байгаа хүнд цусны дэлгэрэнгүй шинжилгээ, спирометр буюу гадаад амьсгалын үйл ажиллагааны шинжилгээ, цээжний рентген зургаар дэлгэрэнгүй үзэж оношилдог. Астмын шинж тэмдэг байгаа ч спирометрийн үзүүлэлт хэвийн гарах тохиолдол бий. Энэ тохиолдолд лавшруулах шинжилгээ хийж оношилдог.


-Эмчилгээг хэрхэн хийдэг вэ?

-Хүмүүс өөрсдөдөө астма гэсэн онош тавиад бие биенээсээ асууж харшлын эм уух тохиолдол түгээмэл. Харшлын эм уугаад хэсэг хугацаанд шинж тэмдэг нь багассан ч эмээ зогсооход өмнөх шинж тэмдэг бүр үгдэрч, хүнд хэлбэрээр илэрдэг. Тиймээс эхнээс нь уушгины нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, өөрийн биеийн онцлогт тохирсон оношилгоог баталж эмчилгээ хийлгэх нь зүйтэй. Астмад бүх хүнд тохирсон нэг эмчилгээ гэж байхгүй.

Эмийн болон эмийн бус эмчилгээнүүд бий. Эмийн бус гэдэг нь өөрийн астмыг хянах төлөвлөгөөг маш сайн боловсруулж түүнийгээ баримтлах явдал. Мөн зөв хооллох нь чухал юм.


Ялангуяа астматай хүмүүсийн хүнсний хэрэглээ бусад өвчтэй хүнээс өөр. Учир нь хүнсний бүтээгдэхүүнд сэдрээгч бүтээгдэхүүн их байдаг.


Тиймээс эдгээр бодис орсон эсэхийг орц найрлагаас нь шалгаж авах хэрэгтэй. Гадуур хооллохдоо хэрхэн бэлтгэж байгааг асууж байж идэх хэрэгтэй. Харшил төрүүлэгч бодисууд хүнсний бүтээгдэхүүн, бэлэн хоол хүнсэнд ихээр агуулагддаг.

Тухайлбал, хатаасан жимс, хүнсний ногоо, бэлэн, савласан төмс, дарс, нимбэгний шүүс, сам хорхой, даршилсан хоолонд харшил төрүүлэгч бодис илүү агуулагддаг. Суурь харшилтай, астматай бол дараах хүнснээс татгалзахыг зөвлөж байна. Тухайлбал, өндөг, үнээний сүү, газрын самар, шар буурцаг, улаан буудай, загас, сам хорхой, модны самар. Мөн ачаалал багатай дасгал хөдөлгөөн хийх, тамхинаас татгалзах, цацлага эмийг тогтвортой зөв техникээр хэрэглэх нь астма сэдрэхээс сэргийлнэ. Эмийн эмчилгээний хувьд эрсдэлийг багасгах буюу сэдрэлээс сэргийлэх хяналтын эмчилгээ болон багтрал тавиулах эмчилгээ хийдэг. Багтрал тавиулах эмчилгээг сэдрэл эхэлсэн үед эмийн сонголтыг өөрчлөн гормон эмчилгээ хийдэг.


-Астматай болохгүйн тулд хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Харшил төрүүлэгч бодис, хоол хүнс, гадны нөлөөнөөс өөрийгөө хязгаарлах хэрэгтэй. Хүүхдийг багаас нь эхлэн илэрч буй шинж тэмдгийг маш сайн ажиглах хэрэгтэй. Магадгүй арьсан дээр нь тууралт гарах үед тухайн үедээ түр эмчлээд орхих бус цаашид дахин гарахгүй байх талаас нь хянаж эмчлэх нь зүйтэй. Мөн олон нийтийн дунд амны хаалтыг хэрэглэж хэвших. Энэ нь тоосонцор, вирус, элдэв хурц үнэртэнд агуулагдах сэдрээгч бодис зэргээс хамгаалах гол хамгаалалт юм. Үүнээс гадна дархлаагаа үргэлж дэмжих, ойр ойрхон ханиад хүрэхгүй байхад анхаарах хэрэгтэй. Томуугийн товлолт вакцинд хамрагдах нь урьдчилан сэргийлэхэд сайн нөлөөтэй.


-Астма өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр танай эмнэлгээс нөлөөллийн ажлууд хийдэг үү?

-Тийм ээ жил бүр астма өвчнөөс урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлыг хийдэг. Мөн өдөр бүр амбулаториор үйлчлүүлж буй иргэдэд зөвлөгөө мэдээллийг өгч байна. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас Дэлхийн эрүүл мэндийн астмын сүлжээ байгууллагатай хамтран 1993 оноос хойш жил бүрийн тавдугаар сарын эхний 7 хоногийн мягмар гарагт Дэлхийн астмын өдрийг тэмдэглэж ирсэн.

Энэ жилийн тухайд Астмын өдөр нь 5 дугаар сарын 7-нд тохиож аймгийн хэмжээнд нөлөөллийн ажлуудыг хийсэн. Энэ өдрийн хүрээнд хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүд төлөвлөгөө гарган, сургалт хийж, иргэдэд зөвлөгөө мэдээллийг өгсөн. Тухайлбал аймгийн Оёдолчдын холбоотой хамтраад Улиастай суманд хувиараа оёдол хийдэг оёдолчдыг урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулж зөвлөгөө мэдээлэл өгсөн. Учир нь оёдолчид, үсчид гээд эдгээр мэргэжлийн хүмүүс маань ажлын нөхцөл байдлаас шалтгаалан астмаар өвчлөх эрсдэлтэй байдаг юм. Урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээллийг 120 гаруй хүнд өгсөн байна.


相关新闻