ДАРХАН-УУЛ: 89 сурагч 12 жил дараалан онц дүнтэй сурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-05-31 16:01:04

Дархан, 2024 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 48 улирал дараалан “А” үнэлгээтэй суралцсан ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагчдад шагнал гардуулдаг уламжлалтай. 2023-2024 оны хичээлийн жилд ЕБС-ийн 12 дугаар ангийг 1236 сурагч төгсөж, үүнээс 89 сурагч 12 жил дараалан онц дүнтэй суралцжээ.




Эдгээр сурагчаас онцолбол, Оюуны-Ирээдүй цогцолбор сургуулийн нэг ангийн дөрвөн найз англи хэлний улсын төрөлжсөн олимпиадад тэргүүн болон гутгаар байруудыг эзэлжээ.




Тодруулбал, 12-5 ангийн сурагч Г.Энхжин, Б.Марал, Г.Нарангоо, Г.Энхзул нар аравдугаар ангиасаа эхлэн нэг ангид сурсан. Нэг ангид орсон цагаасаа эхлэн хичээлээ хамтдаа давтаж англи хэлний түвшнээ ахиулахад бие биедээ урам өгч, мэдэхгүй зүйлээ нэгнээсээ суралцаж иржээ.




Тэд 48 улирал тасралтгүй А үнэлгээтэй сурахын зэрэгцээ улсын төрөлжсөн олимпиадын англи хэлний шалгалтад хоёр нь алтан медаль, хоёр нь хүрэл медаль хүртжээ.




Улсын төрөлжсөн олимпиадын гурвын даваанд Дархан-Уул аймгийн багш, сурагчид есөн судлагдахуунаар 21 медаль хүртжээ: Тухайлбал, 2023-2024 оны хичээлийн жилд англи хэлний хичээлээр нэг багш, есөн сурагч, биологийн хичээлээр нэг сурагч, газарзүйн хичээлээр нэг багш, нэг сурагч, монгол хэл, бичгийн хичээлээр нэг сурагч, математикийн хичээлээр нэг сурагч, мэдээллийн технологийн хичээлээр хоёр багш, хоёр сурагч, орос хэлний хичээлээр дөрвөн сурагч, техник технологийн хичээлээр нэг сурагч, химийн хичээлээр нэг сурагч улсын төрөлжсөн олимпиадад амжилт үзүүлжээ.




Аймгийн засаг дарга Б.Азжаргал, орлогч дарга Б.Жавхлан, ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун нар сурагчдад шагнал гардуулж баяр хүргэн, Зулзагын гол хүүхдийн зусланд амрах эрхийн бичгээр шагналаа.



相关新闻