Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Загджавыг томиллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, зургаадугаар сарын 2 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы тавдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Загджавыг томилов.
Д.Загджав нь Ховд хотын 10 жилийн нэгдүгээр дунд сургууль, 1985 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяа Цэргийн дээд сургууль, 1999 онд Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн институт, 2000 онд Төрийн удирдлагын академи, 2003 онд ОХУ-ын Новосибирск хотын Эдийн засгийн удирдлагын академийг тус ттус төгссөн. Удирдахуйн ухааны магистр, улс төрийн ухааны доктор, ОХУ-ын Батлан хамгаалах, аюулгүй байдал, эрх зүйн академийн профессор.
Тэрбээр 1985-1987 онд Дорноговь аймгийн Цагдан сэргийлэх хэлтэс, 1987-1993 онд Ховд аймгийн АДХГЗ-ын дэргэдэх Хууль зүй, арбитрын хэлтэст ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, 1990-1993 онд Ховд аймгийн шүүхэд аймгийн шүүхийн гишүүн, 1993-1998 онд "Алтай интернэйшнл" ХХК-ийг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, 1998-2000 онд Ардчилсан Социалист Оюутны холбооны Ерөнхийлөгч, 2000-2008 онд нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга, 2008-2012 онд УИХ-ын гишүүн, Байгаль орчны яамны төрийн нарийн бичгийн дарга, 2017 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд, 2020-2022 онд ШШБЕГ-ын даргаар ажиллаж байсан. 2023 оны 12 дугаар сарын 28-наас Үндэсний аудитын газрын Ерөнхий Аудиторын орлогчоор ажиллаж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох тухай УИХ-ын тогтоол энэ оны тавдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн хэрэгжинэ.