Монгол, Вьетнамын харилцаа худалдаа, аялал жуулчлалын салбарт эрчимжиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-06-05 13:50:00

Улаанбаатар, 2024 оны зургадугаар сарын 5 /МОНЦАМЭ/. ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Чингис хаан Үндэсний музейтэй хамтран “Монгол-Вьетнамын харилцаа: түүхэн хөгжил, өнөөгийн хамтын ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгууллаа. 


ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Б.Цэнгэллхам хоёр орны харилцаа бүхий л салбарт амжилттай хөгжиж байгаа ба төрийн өндөр дээд айлчлалын үеэр харилцааны хэлбэр иж бүрэн түншлэлийн харилцаанд шилжинэ хэмээн найддагаа хэлсэн юм. Тэрбээр хоёр орны харилцааны тухайд “Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хооронд 1954 оны арваннэгдүгээр сарын 17-нд дипломат харилцаа тогтоосон. Энэ онд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн тэгш ой тохиож байна. Вьетнамын агуу удирдагч Хо Ши Минийн 1955 онд БНМАУ-д хийсэн айлчлал, МАХН-ын Намын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбалын 1959 онд БНСВУ-д хийсэн айлчлал нь манай хоёр орны бүх салбарын хөгжлийн эхлэлийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш бүх шатанд харилцан айлчлал тогтмол хийгдсээр өнөөдрийг хүрлээ. Хоёр орны харилцаа сүүлийн таван жилийн хугацаанд батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, тэр дундаа аялал жуулчлалын салбарт эрчимжиж байна. Тус улс Зүүн Өмнөд Азидаа төдийгүй дэлхийд тэргүүлэх эдийн засагтай орон болсон нь хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа эрчимжих үндсэн шалтгаан болсон" гэлээ. 


Судлаач Д.Гантөмөр “Монгол, Вьетнам хоёр орны хооронд хамгийн үр дүнтэй хөгжиж буй салбар бол аялал жуулчлал. Монголоос тус улс руу аялж буй жуулчдын статистикийг харахад, жилд 16 мянгаар тоологдож байна. Үүнд тус улс руу визгүй зорчдог болсон шийдвэр ихээхэн нөлөөлсөн. Иргэдийн олонх нь 5-7 хоногт аялж, дунджаар 4,5 сая төгрөгийг зарцуулж байна. Далайн эрэг дагасан аяллын топ гурван оронд Вьетнам, Тайланд, Хятадын Хайнань тэргүүлж буй. Өөрөөр хэлбэл, далай эрэг, таатай уур амьсгал, тав тухтай зочид буудал, казино, интертаймент, ялангуяа хүүхдэд зориулсан парк, үйлчилгээний газрууд нь манай иргэдийг олон удаа аялах сонирхлыг төрүүлж байна. Гэхдээ цаашид энэ эрчмээрээ Вьетнам руу зорчино гэхэд эргэлзээтэй. Тиймээс илүү тогтвортой, мэргэжлийн чиглэл рүү хандуулна гэвэл боловсролын болон технологийн суурин дээр бий болгосон аяллыг санал болговол үр дүнтэй байх болов уу гэж үзэж байна” гэлээ.


Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Баярмаа “УИХ-ын дарга асан М.Энхболдын 2018 онд БНСВУ-д хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд ИТХ-ын дарга асан З.Энхболд багтаж, тус улсын Хоа Бинь мужтай манай аймаг хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Түүнээс хойш дөрвөн удаа харилцан айлчилсан байна. Манай аймаг нь ХАА, газар тариалангийн бүс нутаг, нэн ялангуяа төмсний хэрэгцээний 70-80 хувийг нийлүүлдэг. Нөгөө талд Хоа Бинь муж нь төмсний цардуул, чипс үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг. Иймд хатаах технологийг нэвтрүүлж, чипсний үйлдвэр байгуулахаар ажиллаж байна" гэсэн юм.


Тус хурлаар хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 70 жилийн хугацааны түүхэн замнал, ололт амжилтыг дүгнэж, цаашдын хэтийн төлөв, хамтын ажиллагааны боломжуудын талаар хэлэлцэв. Хурлын үеэр хоёр орны харилцааны түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, “Монгол-Вьетнамын улс төрийн харилцаа” номыг танилцуулав.





相关新闻