Д.Сүхбаатарын талбай хотын спортоор "амьсгалж" байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-06-06 16:32:39

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, 3х3 сагсан бөмбөгийн холбоотой хамтран Монголд анх удаа зохион байгуулж буй  “Улаанбаатар Урбан фестиваль” эхэллээ.


Дөрвөн өдөр үргэлжлэх эл өдөрлөг хотын спортыг хүүхэд залууст танилцуулж, спортоор хичээллэгсдийн тоог нэмэх, тэдэнд урам зориг өгөх зорилготой юм. Энэхүү өдөрлөг нь 3х3 сагсан бөмбөг, скейтборд, роллер скейт, BMX дугуй, крикет, модон барилдаан, корнхол, лазер гүйлт, фанкшенл фитнесс, фризби, пикель болл гэсэн 11 төрлийн спортыг олон нийтэд танилцуулж байна.


Хотын гэгдэх спортуудаас модон барилдаан, фризби, фанкшенл фитнесс, пикель болл, корнхолл, дугуйт тэшүүрээс бусад тав нь Олимпын хөтөлбөрт багтсан байдаг билээ. Сүүлийн үед тусгай хэрэглэл материал, зориулалтын заал танхим шаарддаггүй, сул чөлөөтэй талбайд хаана ч очоод хичээллэх боломжтой урбан буюу их хотын спорт хүүхэд, залуусын дунд өргөн тархсан юм.


Фестивалийн хүрээнд 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри тэмцээнийг Монголд анх удаа болж буйгаараа онцлогтой. Тус тэмцээнд Монгол, Украйн, Тайланд, Хятад, Филиппин зэрэг орны найман баг өрсөлдөж байгаа юм. Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг эхний тоглолтдоо Филиппинийг 21:10-аар хожсон бол U23 насныхан Украйнд хожигдлоо. Сүхбаатарын талбайн урд хэсэг тэр чигээрээ гудамжны буюу хотын спортоор амьсгалж, өсвөрийнхөн цагийг үр бүтээлтэй өнгөрөөж байгаадаа баяртай байна. Талбайн төв урд хэсэгт мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчид Монголын үзэгчдийн уухайн түрлэг дунд шилдгээ тодруулахаар өрсөлдөж байна.


Харин баруун урд хэсэгт өсвөрийнхөн зургаан насны ангилалд 3х3-аар аваргууд шалгаруулж байгаа бол крикетийнхэн өсвөрийн тамирчид үзүүлэх тоглолт хийж, корнхоллын тамирчид спортын шинэ төрлийг олон нийтэд танилцуулж байлаа. “Улаанбаатар Урбан фестиваль” маргааш корнхолл, фанкшенл фитнесс, крикет, Пикель болл зэрэг спортыг хүүхэд залууст танилцуулж, олон нийтэд нээлттэй мини тэмцээнээр үргэлжилнэ. Мөн эмэгтэйчүүдийн гранпри тэмцээний хасагдах шат болон финалын тоглолтууд болох юм. 


























相关新闻