ДУНДГОВЬ: Залуу ээжүүдийг хөдөлмөрт бэлтгэж, дадлагажуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-06-06 16:43:59
altantogos

Мандалговь, 2024 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ХХҮГ-аас "Гэрэлтдэг ертөнц" ТББ, Хөдөлмөрийн биржтэй хамтран Залуу ээжүүдийг хөдөлмөрт бэлтгэн дадлагажуулах хөтөлбөр хэрэгжүүлж, энэ сарын 5-нд үр дүнгээ хэлэлцэв.


Аливаа хүн ямар нэг байгууллагад шинээр ажилд орохын тулд харилцаа, хандлага, ирээдүйн зорилго тэмүүлэл зайлшгүй нэг шалгуур болдог. Тиймээс шалгуурт нийцэх залуу ажилтнуудыг бэлтгэх, хүүхдээ төрүүлээд удаагүй залуу ээжүүдийн харилцааны чадамжийг сайжруулахаар хөтөлбөрийг хэрэгжүүлжээ.


Тус хөтөлбөрт 12 ээж хамрагдсан юм. Хөтөлбөрийн үр дүнг хэлэлцэх үеэр залуу ээжүүд үйл ажиллагаанд хамрагдсанаар “өөрийгөө сорьж, өөрийг таньж мэдэх гэж энэ хөтөлбөрт хамрагдсан, өөрийнхөө дотоод сэтгэлийг мэдэрсэн, хэн нэгэнд гомдохоо больсноор амар амгаланг мэдэрч, тайван болсон, аливаа зүйлийг эергээр харж, мэдэрдэг болсон, ирээдүйд зөв амьдрах зорилго, тэмүүлэлтэй болсон, сонирхлынхоо дагуу гутал нэхэж, ногоо тарьж эхэлсэн, өөртөө итгэлтэй болсон, багадаа сонирхож, хийж үзэхсэн гэж бодож байсан ажилдаа дадлага хийж, маш сайхан мэдрэмж авсан” гэх зэргээр сэтгэгдлээ хуваалцлаа


Нэг сарын хугацаанд хөтөлбөрийн оролцогчдод хувь хүний хөгжлийн болон дуугаар дамжуулан сонсох, өөрийгөө нээх сургалт явуулж, иогоор хичээллүүлж, хүссэн байгууллагатай нь холбож дадлага хийлгүүлсэн байна.


Үр дүнгийн уулзалтын үеэр оролцогчдоос энэ сургалтыг илүү олон хүнд хүргэж, ялангуяа малчин эмэгтэйчүүдийг хамруулах хэрэгцээ байгааг тодорхойлсон. ХХҮГ-аас “Гэрэлтдэг ертөнц” ТББ-аас залуу ээжүүдийг хөгжүүлэх тус хөтөлбөрийг хоёр дахь удаагаа хэрэгжүүлсэн ба эхний хөтөлбөрт хамрагдсан зарим ээж энэ удаа шинэ оролцогчдод туршлагаа хуваалцан хамтран ажиллажээ. 





相关新闻