Ц.Цогтбаатар Олимпыг өнжиж, Б.Эрдэнэбаяр Парист барилдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-06-07 09:52:36

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн дэлхийн аварга, Олимпын хүрэл медальт, гавьяат тамирчин Ц.Цогтбаатар “Парис-2024” Олимпын наадмыг гэмтлийн улмаас өнжихөөр боллоо.


Түүний хоёр өвдөгний чагтан холбоос тасарсан бөгөөд хоёр хоногийн өмнө БНСУ-д хийлгэсэн мэс засал нь амжилттай болов. Одоо биеийн байдал сайн байгаа аж. Ц.Цогтбаатар гавьяат 2024 он гарснаас хойш насанд хүрэгчдийн ААШТ болон Казахстаны Астана хотод болсон “Их дуулга”-д барилдсан. Гэвч бэртэл нь сэдэрснээр насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өнжсөн юм.


Түүний оронд олон улсын хэмжээний мастер Л.Анхзаяа ДАШТ-д барилдахдаа хүрэл медалиар энгэрээ мялаасан билээ. Тэгвэл энэ удаа Парисын Олимпыг мөн л өнжиж байна. Түүний оронд дэлхийн болон Олимпын чансааны 26 дугаарт эрэмбэлэгдсэн, олон улсын хэмжээний мастер Б.Эрдэнэбаяр Парисыг зорихоор болов.


Тэрбээр Тбилисийн “Их дуулга”-д түрүүлж, Улаанбаатарын “Их дуулга”-аас хүрэл медаль хүртсэн бөгөөд өнгөрсөн жилээс амжилт нь ахиж байгаа, Монголын ирээдүйтэй жүдочдын нэг юм. Б.Эрдэнэбаяр 2023, 2024 онд 60-аас дээш хувийн амжилттай яваа билээ. Өдгөө Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчдын хамт Хөх хотод бэлтгэлээ базааж байна.



相关新闻