ДУНДГОВЬ: 200-гаас доош малтай 100 өрхийг малжуулах төсөлд хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-06-10 14:16:42
altantogos

Мандалговь, 2024 оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас энэ онд 200-гаас доош малтай 100 малчин өрхийг малжуулах төсөлд хамруулахаар эхний 26 төсөл хүлээн авчээ.


Малжуулах төслийг өмнөх жилүүдэд нас зааж, нэг өрхөд 5 хүртэл сая төгрөгийн мал олгодог байсан бол энэ жил нас харгалзахгүйгээр нэг өрхөд 8 хүртэл сая төгрөгийн мал олгохоор болсон.


2023 онд тус аймагт 18-45 насны 2-оос доошгүй хөдөлмөрийн чадвартай гишүүнтэй, бог малд шилжүүлснээр 50-200 хүртэл толгой малтай, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүгийн бусад дэмжлэг аваагүй малчин өрх байх шаардлагыг хангасан 26 малчин өрхийг энэ төсөлд хамруулж, 130 сая төгрөгийн 1309 толгой мал олгожээ.


Харин энэ жил тус аймгийн нийт нутгаар их хэмжээний цас орж, цаг хүндэрсний улмаас малын зүй бус хорогдол гарсан тул 200 хүртэл малтай үлдсэн малчдыг энэ төсөлд нас харгалзахгүй хамруулахаар шийдвэрлэсэн байна. 2023 оны жилийн эцсийн мал тооллогоор тус аймаг 3,6 сая толгой мал тоолуулсан бол 4 дүгээр сарын байдлаар 262,2 мянган толгой мал хорогджээ.


Ташрамд дурдахад, 2017 оноос хойш 193 өрхийг малжуулах төсөлд хамруулжээ. 

相关新闻