ДУНДГОВЬ: "Дундговь-Геометр” хөтөлбөр хэрэгжсэнээр сурагчдын бодох чадварт ахиц гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-06-11 10:01:59
altantogos

Мандалговь, 2024 оны зургаадугаар сарын 11 /МОНЦАМЭ/. 15 сумын Ерөнхий боловсролын 19 сургуулийн 40 бүлгийн сурагчид “Дундговь-Геометр” хөтөлбөрт хамрагдлаа.


Хөтөлбөрийн хүрээнд Сайнцагаан сумын Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай Цэгц билиг сургуулийн математикийн багш Ц.Ганхуягийн санаачилгаар тус сургуулийн математикийн арга зүйн нэгдэл, БШУГ-тай хамтран анги нийтийн олимпиадыг 3 үе шаттай, 2 ангиллаар зохион байгуулжээ.


Тус олимпиадын “Гүнзгий” ангилалд Цэгц билиг сургуулийн 8-10 дугаар ангийн 6 бүлэг, “Стандарт” ангилалд 15 сумын Ерөнхий боловсролын 18 сургуулийн 9 дүгээр ангийн 34 бүлэг хамрагдсан юм.


“Гүнзгий” ангилалд Цэгц билиг сургуулийн 9а анги 66 оноогоор нэгдүгээр байр, 10а анги 57 оноо, 8б ангийн 51 оноо авч, бусад ангиа тэргүүлсэн бол “Стандарт” ангилалд Мандал сургуулийн 9б анги 26,4 оноо, Хүмүүнлэг сургуулийн 9а анги 26 оноо, Цагаандэлгэр сумын Ерөнхий боловсролбн сургуулийн 9а анги 21 оноо авчээ.


Цэгц билиг сургуулийн математикийн багш Б.Ууганцэцэг, Ц.Ганхуяг, М.Уранцэцэг, Мандал сургуулийн математикийн багш Ө.Мөнхжаргал, Хүмүүнлэг сургуулийн математикийн багш Т.Буянтогтох, Цагаандэлгэр Ерөнхий боловсролын сургуулийн математикийн багш Д.Ангарагнаран нарын хичээл заадаг сурагчид энэ жилийн “Дундговь-Геометр” хөтөлбөрийн олимпиадад ийнхүү амжилт гаргасан байна.


Хөтөлбөрийн үр дүнгийн талаар математикийн багш Ц.Ганхуягаас тодруулахад, “Энэ үйл ажиллагаа нь сурагч нэг бүрийн геометрийн хичээлд оролцох идэвхийг нэмэгдүүлэх, сэтгэн бодох чадварыг сайжруулах ач холбогдолтой.


Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр тус хичээлийн сургалтын чанар тодорхой хувиар дээшилж, сурагчдын бодох чадварт ахиц, дэвшил гарсан гэж дүгнэж байгаа. Олон хүүхдийг хамарсан өгөөжтэй ажил боллоо гэж багш, сурагчид, эцэг эхчүүд талархаж байгаад баяртай байна” гэлээ. 











相关新闻