Ерөнхийлөгч Шинээр гэр бүл болж буй хосууд мод тарихыг уламжлал болгох хэрэгтэй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-10-08 11:40:19

“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Гэрлэх ёслолын ордны дэргэд байгуулж буй “Хайрын төгөл”-д мод тарив.

Гэрлэх ёслолын ордон байгуулагдсаны 40 жилийн ой энэ намар тохиож байна. Уг ойг тохиолдуулан “Хайрын төгөл” байгуулж байгаа бөгөөд “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хуримаа хийсэн бүх хос энэ төгөлд мод тарих аж. Өнөөдрийн хувьд Ерөнхийлөгчтэй хамт Г.Баярсайхан, Ж.Оргилмаа нарын гэр бүл мод тарив.Г.Баярсайхан, Ж.Оргилмаа нар нь энэ оны 7 дугаар сард хуримаа хийсэн бөгөөд тухайн үед “АСЕМ 11” болж байсан тул Гэрлэх ёслолын ордонд орж амжаагүй аж. Тиймээс өнөөдөр хуримын ордонд гэрэл зургаа татуулахаар ирсэн нь “Хайрын төгөл” байгуулах ёслолтой давхцаж, Ерөнхийлөгчтэй хамт мод тарих боломж тохиов. Шинэхэн гэр бүл тун их билгэшээж буйгаа хэллээ.

Шинээр гэр бүл болж буй хосууд, ерөнхий боловсролын болон их, дээд сургууль төгсч буй залуус мод тарих ажлыг уламжлал болгох хэрэгтэй гэдгийг Ерөнхийлөгч онцлов.

Мөн тэрбээр "2010 онд Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-тэй болох зарлиг гаргаснаас хойш улсын хэмжээнд 1.3 сая хүн 9.8 сая мод тарьсан байна. Үүнээс 70 хувь нь сайн ургалттай байна. Энэ өдөр тарьсан мод бүрийг бар коджуулж, арчлах, хамгаалах эзэнтэй болгож байгаа нь ургалт сайхан байхад нөлөөлнө. Нэг мод тарихад маш их буян болдог. Тэр модыг тойроод асар их амьтан амьдардаг. Түүнчлэн нэг модноос гарч байгаа хүчил төрөгч, бороо, хурын шимийг тооцвол жилд 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг байгальд оруулдаг гэсэн тооцоо бий. Тиймээс мод тарих ажил улам бүр хүрээгээ тэлээсэй гэж хүсч байна” хэмээв.

Ерөнхийлөгч мод тарьсныхаа дараа Гэрлэх ёслолын ордонд зочилж, Хүндэт дэвтэрт гарын үсэг зурлаа.

Ч.Ариунболд

相关新闻