Австралийн амьтны хүрээлэнд Хятадаас хос хулсны баавгай илгээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-06-16 13:39:19

СИДНЕЙ, 2024 оны зургаадугаар сарын 16 /TASS/. Австралийн Аделаида хотын амьтны хүрээлэнд 15 жил амьдарсан хос хулсны баавгайг Хятад руу буцаасны дараа Бээжин өөр хоёр хулсны баавгайг илгээнэ гэж Австралид албан ёсны айлчлал хийж буй БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян мэдэгдлээ.


Хятадын Ерөнхий сайдын хэлснээр, Аделаидад амьдардаг Ван Ван болон Фүни нэртэй баавгайнуудыг Хятад руу буцаасны дараа тэдний оронд илгээх өөр хоёр пандаг сонгох ажээ. "Бид Аделаидын амьтны хүрээлэнд ялгаагүй хөөрхөн хос пандаг илгээнэ. Өмнөд Австралийн Аделаида хотын төдийгүй дэлхийн бусад орны ард түмэн тэднийг хайрлаж, тэдэнд сайн анхаарал тавина гэдэгт итгэлтэй байна" гэж Ли Чян сэтгүүлчдэд хэлсэн байна.  


Аделаида дахь Австралийн амьтны хүрээлэнд 2009 оноос хойш амьдарч байгаа аварга хулсны баавгайнуудыг 2024 оны 11 дүгээр сард Хятад руу буцаах ёстой байжээ. Тэдний Австралид байх хугацаа 2019 онд дууссан боловч хулсны баавгай үржүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор таван жилээр сунгасан байна. 


Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Австралид хийж буй дөрвөн өдрийн айлчлалынхаа хүрээнд Өмнөд Австралийн дарс үйлдвэрлэгчидтэй уулзах төлөвтэй байна. Тэрбээр Австралийн Гадаад хэргийн сайд Пенни Вонг, Худалдааны сайд Дон Фаррелл нартай хэд хэдэн уулзалт хийх бөгөөд тэдэнтэй далайн шинэ бүтээгдэхүүний худалдаанд 2020 онд ногдуулсан татварыг цуцлах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. 


Ли Чян мөн Австралийн Ерөнхий сайд Энтони Альбанезетэй уулзах бөгөөд Ерөнхий сайд нарын хэлэлцээ ирэх долоо хоногийн эхээр Австралийн нийслэл Канберра хотноо болно.

相关新闻