Монгол, Узбекистан ХАА, эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Узбекистан улсын эдийн засгийн голлох салбарын төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөл МҮХАҮТ-ын удирдлагатай өнөөдөр уулзаж бизнес, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтаар талууд эрчим
хүчний салбарын талаар хөндөн ярилцав. Олон улсын байгууллагын
санхүүжилтээр Узбекистан улсад хэрэгжүүлж буй эрчим хүчний урт хугацааны
зураглалын талаар дурдаж, харилцан туршлага солилцох боломжтойг онцлов.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч
Д.Энхтүвшин хэлэхдээ, “Монгол Улс цөөн хүн амтай ч уудам газар нутагтай. Сэргээгдэх эрчим
хүчний арвин нөөцтэй учир нар, салхийг ашиглах талд хөрөнгө оруулалт хийх нь хоёр улсын
эдийн засаг, бизнесийн харилцааны чухал хэсэг байх боломжтой” гэлээ.
Бүгд Найрамдах Узбекистан улсын Уул уурхай, геологийн сайд Б.Ф.Исламов, Монгол Улсын Уул уурхайн яаманд өнөөдөр өглөө бид хийсэн уулзалтаараа хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны чухал асуудлыг хөндсөн. Уул уурхайн салбар урт хугацаанд их хэмжээний хөрөнгө шаарддаг. Дэлхийн зах зээл дээр зэсийн ханш нэмэгдэж, эрэлт өндөр болж байгаа. Гэвч зэс боловсруулалт энэхүү эрэлтийг бүрэн хангахгүй байна. Энэ талд Узбекистан улс хамтрах худалдааны боломжтой гэж үзэж байна” гэсэн юм.
Мөн ногоон хөгжилд хүрэхийн тулд цахим хөгжил чухал болохыг хөндлөө. Узбекистан улс эрчим хүчний хэрэглээний төлбөр, тооцоогоо бүрэн цахимжуулсан цөөн орны нэг аж. Эрчим хүчний нийлүүлэлтийн төлбөр, тооцооны бүхий л шат, дамжлагаа цахим төлбөр, тооцооны нэгдсэн системээр хийдэг бөгөөд тоолууржуулсан туршлагаа хуваалцахад бэлэн гэв. Мөн тус улсын Дижитал технологийн сайдын нэгдүгээр орлогч О.А.Пекос “Манай улс эрчим хүчний салбарын өр, авлагын асуудлаа бүрэн шийдсэн гэж болно. Энэ чиглэлд хөрөнгө оруулалт хийж, үйлдвэрлэл явуулж, нийлүүлэхэд нээлттэй байна” гэдгээ илэрхийллээ.
Узбекистан улсын ХААЯ-ны газрын дарга
Эргашев Абдимухтор мах, малын тэжээлийн чиглэлээр хоёр улс худалдаа явуулах
боломжтой гэдгийг дурдсан юм. ХАА-н салбарын бүтээгдэхүүн экспортыг нэмэгдүүлэхэд баримт
бичгийн хувьд нэгдсэн ойлголттой байж, стандартуудыг нутагшуулах тал дээр
анхаарах хэрэгтэй аж.
Узбекистан улс ХАА-н салбарт хоёр улс хамтран ажиллах нөөц, бололцоогоо бүрэн ашиглахгүй байгааг дурдаад “Хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг ажил хэрэг болгох асуудлыг цаг алдахгүй шийдвэрлэх, хэрэгжүүлэх нь манай улсын Ерөнхийлөгчийн бидэнд өгч буй чухал даалгавар юм.
Мах, махан бүтээгдэхүүн, малын тэжээлээр зогсохгүй эрүүл, шинэ хүнсний бүтээгдэхүүн тухайлбал, сонгино, сармис, амтат гуа, интоор, усан үзэм гээд жимс, жимсгэнэ их хэмжээгээр нийлүүлэх боломжтой. Монгол Улсын эдийн засаг өсөж буйн хэрээр монголчуудын хүнсний хэрэглээ нэмэгдэж байгааг бид маш сайн ажиглаж байгаа. Иймд эдгээр бүтээгдэхүүнийг Монголын иргэдэд хүргэж, хувийн хэвшилтэй бодит хамтын ажиллагаа өргөжүүлэх хүсэлтэй байна” гэсэн юм.
Түүнчлэн шувууны аж ахуй,
торгоны үйлдвэрлэл гээд хөдөө аж ахуйн олон чиглэлд түншлэхэд бэлэн байгаагаа
илэрхийллээ.