ДУНДГОВЬ: Аймаг байгуулсан түүх

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-06-24 13:17:32
altantogos

Мандалговь, 2024 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн 1941 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор Өмнөговь аймгаас 8, Төв аймгаас 7, Дорноговь аймгаас 3 сумыг нэгтгэж, шинэ аймаг байгуулан “Шарангад” хэмээн нэрлэх болсон нь одоогийн Дундговь аймаг юм.


Ардын хувьсгалаас өмнө тус аймгийн газар нутаг Түшээт хан аймгийн Түшээт вангийн хошуу, Дайчин бэйсийн хошуу, Говь мэргэн вангийн хошуу болон Сэцэн хан аймгийн Боржигон цэцэн вангийн хошууны газар нутагт харьяалагдаж байжээ.



Дээрх шийдвэрийн дагуу 1942 оны 3 дугаар сарын 9-нд өнөөгийн Өлзийт сумын нутгийн хойд зах Ембүү дэрсэн ус хэмээх газарт албан ёсоор байгуулж, Хөдөлмөрчдийн анхдугаар их хурлыг зохион байгуулсан түүхтэй. Ембүү дэрсэн ус нь Мандалговь хотоос урагш 46 км зайд оршдог.


1942 онд МАХН-ын Төв хорооны тэргүүлэгчид, Ардын сайд нарын зөвлөлийн хамтарсан хуралдаанаар тус аймгийн ”Шарангад” нэрийг өөрчлөн Дундговь хэмээн нэрлэжээ.  


Мөн онд тус аймгийн төвийг нүүлгэж, одоогийн байгаа газарт буюу Зоогийн хар овооны энгэрт суурьшсан ба аймгийн анхны даргаар Морьт отрядын жанжин, хошууч генерал, улсын заан Чимидийн Мижид томилогдон ажиллаж байгаад удалгүй өөрчлөгдөн Дооровийн Дашзэвгийг томилж байсан байна.


Өнөөдөр тус аймаг 15 сум, 68 багтай, 7469,0 мянган га нутаг дэвсгэртэй, Монгол Улсын нутаг дэвсгэрийн 4,5 хувийг эзэлдэг юм. 



相关新闻