УИХ-ын гишүүнээр сонгогдсон төлөөлөгчдийг НИТХ-ын төлөөлөгчөөс чөлөөлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/. НИТХ-ын ээлжит бус XXI хуралдаан өнөөдөр цахимаар болж УИХ-ын ээлжит сонгуулийн дүнгээр гишүүнээр сонгогдсон НИТХ-ын төлөөлөгчдийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
УИХ-ын
ээлжит сонгууль 2024
оны зургаадугаар сарын 28-нд болж, Сонгуулийн ерөнхий хороо зургаадугаар сарын 30-нд УИХ-ын гишүүнээр сонгогдсон
тухай 191 дүгээр тогтоолыг баталсан. Сонгуулийн дүнгээр НИТХ-ын доорх төлөөлөгчид УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм. Үүнд:
Жуковын Алдаржавхлан
Наранцэцэгийн Алтаншагай
Нацагдоржийн Батсүмбэрэл
Хөххүүгийн Болормаа
Пүрэвжавын Ганзориг
Пүрэвсүрэнгийн Наранбаяр
Даваахүүгийн Пүрэвдаваа
Доржзовдын Энхтуяа
Монгол Улсын Үндсэн хуульд УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад хуулиар
тогтоогдсон үүрэгт үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй гэж заасан
байдаг. Мөн УИХ-ын гишүүнээр сонгогдохоос өмнө эрхэлж байсан ажил, албан
тушаалаас гишүүний тангараг өргөхөөс өмнө чөлөөлөгдсөн шийдвэр гаргуулсан байх
заалттай. Тиймээс НИТХ
өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон
төлөөлөгчдийг хүсэлтийнх нь дагуу НИТХ-ын төлөөлөгчөөс чөлөөллөө.