“Илрүүлэлт –Оргодол” нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-10-10 19:24:05
Yesukheitumur Tumurbaatar

Улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа "Илрүүлэлт -Оргодол" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Төв аймгийн Цагдаагийн газраас төлөвлөгөө гарган тодорхой ажлуудыг зохион байгуулж байна. Тухайлбал аян эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа ч хэргийн илүүлэлт үр дүнгээ өгч байгааг албаныхан хэлж байна.

Саяхан Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт удаа дараагийн үйлдлээр иргэдийн орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгай хийж байсан хэргийн эзэн холбогдогчид нь баригдсан байна. Тодруулбал Говь-Алтай аймгийн харъяат иргэн А,Э,Г, нарын 25-30 насны бүлэг этгээд 09-ний 20-21 цагийн хооронд бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж байхдаа үйлдэл дээрээ баригдсан байна. Хэргийг үйлдсэн этгээдүүд өмнө нь удаа дараагийн хулгайн гэмт хэргээр Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт шалгагдаж байгаад байцаалтын үеэр оргон зугтаасан байжээ. Тэд баригдахаасаа өмнө хулгайн эд зүйлээ зарж борлуулан архидан согтуурч дахин гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Одоо хэргийг Төв аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын тасагт үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.

Ард иргэддээ анхааруулахад гэр, орон байр, эд зүйлээ хараа хяналттай байлгаж хулгайд алдахаас болгоомжлон өөрсдийн сонор сэрэмжээ дээшлүүлэхийг цагдаагийн газраас анхааруулж байна.

Нэгдсэн арга хэмжээ өнгөрсөн сарын 15-аас эхэлсэн бөгөөд энэ сарын 30-ийг хүртэл үргэлжилнэ.

Т.Есүхэйтөмөр

相关新闻