СЭЛЭНГЭ: Мандал сумын 100 жилийн ойн наадам өргөн дэлгэр эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-07-19 11:31:55

Сүхбаатар, 2024 оны долоодугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Ардын хувьсгалын 103, Сэлэнгэ аймгийн 93, Сэлэнгэ аймгийн Мандал сум /Зүүнхараа САА-н/ “Түүх бүтээсэн нэгэн зуун” баяр наадам өргөн дэлгэр эхэллээ.

 

Алтан гадас одонт, Монгол Улсын “Шилдэг сум” Мандал хуучнаар Баатарвангийн хошуунд байжээ. 1931 онд төрийн дээд байгууллагын шийдвэрээр Төв аймгийн харьяалалд Мандал сумыг байгуулж, 1938 онд Сэлэнгэ аймгийн харьяалалд оруулсан байна.

 

Сэлэнгэ аймгийн зүүн урд хэсэгт, Хэнтийн нурууны баруун, Хэнтийн салбар уулс Ерөө хараагийн сав газруудад хамаарах ба хойд талаараа Ерөө сум, Зүүн урд талаараа Төв аймгийн Эрдэнэ, Зүүн талаараа Батсүмбэр сумтай тус тус хил залган оршдог.

 

Улаанбаатар болон төвийн бүсийн аймгуудтай олон улсын төмөр зам, авто замаар холбогдсон дэд бүтэц сайн хөгжсөн, Монгол Улсын хамгийн том, хамгийн олон хүн амтай сум гэдгээрээ онцлогтой.


Тус суманд Төмөр замчдын 1-р баг, Ширхэнцэг 2-р баг, Баянсуудал 3 баг, Хэрх 4 баг /Тосгон/, Түнхэл 5-р баг /Тосгон/, Баянхангайн 6, Минжийн хангайн 7, Тарни 8, Баян-Арцатын 9-р багийн нийт 8000 гаруй өрхөд 27 мянга гаруй хүн амьдарч байна.

 

Монгол Улсын хэмжээнд аймгийн төвөөс алслагдсан сумаас хүн амын тоогоороо 1-рт ордог бөгөөд нэг хавтгай дөрвөлжин км-т 5.3 хүн ногддог байна.

 

Мандал сумын баруун өмнөд зүгт 30 км зайд Бороогийн алтны уурхай, зүүн өмнөд зүгт 30 км зайд Гацууртын алтны уурхай тус тус байрладаг. Мандал сумын нутагт Ноён уул, Ширхэнцэг, Их мандал, Бага Мандал, Дууш хэмээх сүрлэг сайхан уулс байдаг.

 

相关新闻