ДУНДГОВЬ: Луус сумын түүхт 100 жилийн ойн баяр наадам эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2024 оны долоодугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 103 жил, Дундговь аймаг байгуулагдсаны 82, Луус сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадам өнөөдөр эхэллээ.
Луус сумын уугуул, суугуул иргэд, түүхт ойн баяр наадмыг үзэж сонирхохоор ирсэн олон наадамчид өргөн дэлгэр наадаж байна.
1924 оны хавар нутгийн ардын цугларалтыг Үйзэн, суваргын Зоог хэмээх газар зохион байгуулж, Богд хаан уулын аймгийн Луус сумыг арван багийн бүтэцтэйгээр “Бодьсогийн аман ус” хэмээх газар байгуулахаар шийдвэрлэн сумын анхны даргаар Цэвэгжавын Шаравыг сонгож байжээ.
1942 онд Дундговь аймаг байгуулагдахад Луус сум нт тус аймгийн нэгэн сум болж,10 баг, 628 өрх, 2700 хүн ам, 85,8 мянган малтай томоохон сумын нэг болсон түүхтэй.
100 жилийн түүхтэй тус сумын баяр наадам өчигдөр баярын хурал, хүндэтгэлийн тоглолтоор эхэлсэн бол өнөөдөр нээлтийн үйл ажиллагаа өргөн дэлгэр боллоо.
Нээлтийн үеэр сумын малчид, төрийн албан хаагчид, сургуулийн сурагчид нүүдэлчин ард түмний ахуй соёлыг харуулсан төрөл бүрийн үзүүлбэр бүхий тоглолтоо толилуулж, ажил хөдөлмөрөөрөө манлайлсан иргэдэд шагнал гарууллаа.
Үндэсний баяр наадамд 64 бөх зодоглосноос улсын цолтой 2 бөх, аймгийн цолтой 10 бөх барилдаж байна.










































