“Хорийн бүлэг” баячуудад татвар ногдуулахын тулд хамтын хүчин чармайлт гаргахаар тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-07-28 10:23:33

РИО-ДЕ-ЖАНЕЙРО, 2024 оны долоодугаар сарын 28 /AFP/. Бразилын Рио-де-Жанейро хотноо болсон Сангийн сайд нарын уулзалтын дараа баталсан тунхаглалын дагуу “Хорийн бүлэг”-ийн орнууд хэт баян хүмүүсээр татвар төлүүлэхийн тулд хамтран ажиллахаар тохиролцсон боловч илүү тодорхой зөвшилцөлд хүрч чадсангүй. 


Ирэх 11 дүгээр сард болох “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах Рио-де-Жанейро хотноо болсон хоёр өдрийн уулзалтын үеэр татвараас зайлсхийдэг тэрбумтнуудтай тэмцэх тухай сэдэв давамгайлжээ. Энэхүү санаачилгыг дэлхийн томоохон эдийн засагтай орнууд болон Европын Холбоо, Африкийн Холбоог эгнээндээ нэгтгэдэг тус бүлгийг энэ онд даргалж буй Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва гол чиглэлээ болгоод байгаа юм.


Энэ удаагийн уулзалтаар хөрөнгө мөнгөтэй элитүүдэд ногдуулах татварын доод хэмжээний талаар тохиролцоонд хүрнэ хэмээн да Силва найдаж байсан боловч төгсгөлийн баримт бичиг болох мэдэгдэл нь гишүүн орнуудыг санал хуваагдахад хүргэлээ. 


“Бид татварын эрх тэгш зарчмыг баримталж, хэт өндөр орлоготой иргэдэд татвар ногдуулахын тулд хамтран ажиллах арга замыг эрэлхийлэх болно. Баялаг, орлогын тэгш бус байдал нь эдийн засгийн өсөлт, нийгмийн эв нэгдлийг алдагдуулж, нийгмийн эмзэг байдлыг улам хурцатгаж байна” гэж уг мэдэгдэлд дурджээ.


Бразилын Сангийн сайд Фернандо Хаддад хэлэхдээ “ёс суртахууны үүднээс авч үзвэл, хамгийн баян чинээлэг 20 улсад “баячуудад бус, харин ядууст шатлан өсөх татвар ногдуулж байгаа” нь тулгамдсан асуудал болсныг тунгаан эргэцүүлэх нь чухал байна гэв.


Тэрбумтнуудад татвар ногдуулах асуудлаар олон улсын хэлэлцээр байгуулах шаардлагатай гэсэн үзэл санааг Франц, Испани, ӨАБНУ, Колумб, Африкийн Холбоо дэмжиж байгаа бол АНУ, Герман эсрэг байр суурьтай байна.




相关新闻