Кэндогийн “УАШТ-2016”-ний аваргууд тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2016-10-11 17:29:31

Монголын Кэндогийн “УАШТ-2016” энэ сарын 09-нд Туул спорт цогцолборт болж, аваргуудаа тодрууллаа.

Монголын Кэндогийн Холбоо, Японы ЭСЯ хамтран 13 дахь удаагаа зохион байгуулж буй уг тэмцээнд 7 клубын 100 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн болон багийн гэсэн төрлөөр өрсөлдөв. Олон Улсын Кэндогийн холбооноос 8 дантай багш нар хүрэлцэн ирж тэмцээнийг шүүсэн юм.

Тус тэмцээний эрэгтэй төрөлд Монгол клубын тамирчид, эмэгтэй багийн төрөлд МЗХ-ны дэргэдэх Бээс клубын багш Б.Уянга, тамирчин Э.Болорчимэг, С.Золбаяр нар алтан медаль хүртэв.

Японы ЭСЯ-наас түрүүлсэн тамирчдыг Япон улсад аялах эрхийн бичгээр шагнаж урамшуулсан юм.

Кэндо нь Кэн буюу сэлэм, До буюу зам гэсэн утга бүхий сэлмийн тулааны урлаг юм. Японы үндэсний тулааны урлаг бөгөөд Каратэ, Жудо, Айкидогийн нэгэн адил сэлмээр тулалддаг. Кэндо нь бие сэтгэлээ хөгжүүлж, өөрөө өөрийгөө ялан дийлэх тулааны урлагаас гадна харилцан бэртэл гэмтэл учруулахгүйгээр зөв техник аргачлалыг сэтгэхүйтэй уялдуулан хөгжүүлэх, хувь хүний ёс суртахуун, эрдэм мэдлэг, итгэл үнэмшлийг бий болгох ач холбогдолтой.

Ж.Болор

相关新闻