“АПУ” ХК-ийн 100 жилийн амжилтыг бүтээлцсэн эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагнав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх аж үйлдвэрлэлийн салбарын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан “АПУ” ХК-ийн ажилтнуудыг өндрөөр үнэлж 100 жилийн түүхэн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол тэмдгээр шагналаа.
АПУ компанийг сүүлийн 16 жил тасралтгүй удирдаж буй Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэгт Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон” гардуулав.
Харин “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цолыг “АПУ” ХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Г.Энхбилэг, Үйлдвэрчний эвлэлийн хороо болон Ахмадын хорооны дарга Л.Аваасүрэн, ахмад инженер Б.Содномпэлжээ нарт хүртээлээ.
Мөн тус компанийн Агуулах хариуцсан менежер Д.Бямбацогт, Энтертэйнмент хариуцсан ахлах менежер М.Сэргэлэнбат, Ахлах инженер П.Жаргалсайхан нарыг “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор шагнасан бол Ахлах инженер Г.Батцэнгэл, Үйлчилгээний жолооч Б.Бат-Орших, Худалдааны төлөөлөгч М.Отгонбаатар нарыг “Алтан гадас” одонгоор шагнаж, Брэнд загвар хөгжүүлэлтийн дизайнер Б.Хурбаяр, Савлалтын оператор А.Сувдаа, Бүртгэл тайлагналын менежер А.Гүнжидмаа нарыг “Хөдөлмөрийн хүндэт медал”-иар тус тус шагналаа.