Элэг шилжүүлэн суулгах 1 тэрбум төгрөгийн санхүүжилтыг шийдвэрлэв
МОНГОЛЫН МЭДЭЭНЗД бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд бүрэн эрхийнхээ хүрээнд 1 тэрбум төгрөгийн өртөг бүхий элэг шилжүүлэн суулгахад шаардлагатай тоног төхөөрөмжийг Хавдар судлалын үндэсний төвд шилжүүлэн өгөх асуудлыг шийдвэрлэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Л.Төмөрбаатар нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав. Санамж бичгийн хүрээнд ХСҮТ нь нийслэлийн зорилтот бүлгийн иргэдэд элэгний өвчлөлийн оношлогоо, эмчилгээг үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үнээр хийх, иргэдийн дунд эрүүл мэндийн сургалт сурталчилгаа зохион байгуулах, эмч мэргэжилтнүүдийн мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх үүрэг хүлээж байгаа юм. Хотын дарга хэлсэн үгэндээ “Монголчуудын дунд хамгийн түгээмэл өвчлөл бол элэгний хорт хавдар. Тиймээс иргэдээ хамгаалах, аврах хэрэгцээ шаардлагыг үндэслээд бүрэн эрхийн хүрээндээ нэг тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн санхүүжилтыг шийдвэрлэсэн. Энэхүү тоног төхөөрөмжөөр Хавдар судлалын үндэсний төв энэ оны эцэс, ирэх оны эх гэхэд эхний хагалгаагаа хийхээр төлөвлөж байна. Цаашид бид хамтын ажиллагаагаа хавдрын эрт илрүүлэлт, анхан шатны оношлогоог дүүргийн эрүүл мэндийн нэгдлүүдэд хийх бололцоог хангах, ХСҮТ-ийн ачааллыг бууруулах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглүүлнэ” гэв. Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Л.Төмөрбаатар "Манай улсад элэгний хорт хавдрын өвчлөл нийт хорт хавдрын 40 хувийг эзэлж, нас баралтын тоогоор зүрх судасны өвчлөлийн дараа 2 дугаарт ордог. Илрүүлэлтийн 70 гаруй хувь нь хожуу үедээ орсон байдаг. Монгол Улсын Засгийн газраас баталсан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх, төгс эмчлэх, орон нутгийн хэмжээнд оношлогооны чадавхийг дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байна. Тиймээс бид Та бүхний өгсөн тоног төхөөрөмжөөр эрт үеийн оношлогоо хийж, олон хүний амь насыг аварна” гэлээ. Энэхүү хамтын ажиллагааг “Элэг нэгт Монголчууд” сангийнхан дэмжиж байгаа бөгөөд Монгол хүний эрүүл мэндэд стратегийн хөрөнгө оруулж байгаад нь нийслэлийн Засаг даргад талархаж байгаагаа илэрхийллээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.