"Кембриж Монгол форум-II" энэ сарын 19, 20-нд Улаанбаатарт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2024-08-13 16:11:02

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, ИБУИНХУ-ын Кембрижийн их сургуулийн Монгол ба Дотоод Ази судлалын төв, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Чингис хааны өв соёлын хүрээлэн, Сити их сургууль, Уран зургийн галерей хамтран "Кембриж Монгол форум-II"-ыг энэ сарын 19, 20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.


Хоёр жилд нэг удаа болдог форум энэ удаад “Дэлхийн асуудал, нүүдэлчдийн шийдэл” сэдвийн дор зохион байгуулж, нүүдэлчдийн уламжлалыг орчин үед дэлхий нийтийн өмнө тулгарч буй асуудлуудад хэрхэн шийдэл болгон санал болгох тухай асуудлыг хөндөх юм. Түүнчлэн форумыг МУИС-ийн номын санд англи хэлээр олон нийтэд нээлттэй зохион байгуулах аж.


Тус форумыг ИБУИНХУ-ын Кембрижийн их сургуулийн Монгол ба Дотоод Ази судлалын төв, ИБУИНХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яам хамтран хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд эхлүүлж, 2022 онд Лондон хотноо анх удаа зохион байгуулж байв.



相关新闻