Орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд зорчихдоо мөнгө төлнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Орон нутгийн дугаар бүхий тээврийн хэрэгсэлтэй иргэн Улаанбаатарт зорчихдоо хураамж өгөх захирамж өнгөрсөн хоёрдугаар сард гарсан байдаг.
Тодруулбал, орон нутгийн дугаартай машинтай иргэн нийслэлд 48 цагийн хугацаанд зорчих бол 1000, харин 48 цагаас дээш хугацаагаар зорчсон тохиолдолд хоног тутамд 5000 төгрөгийн хураамж төлөх захирамж ирэх сарын 1-ээс хэрэгжиж эхлэх гэж байна.
Улаанбаатар хот руу хөдөлгөөний эрчим бага үед өдөрт дунджаар 16 мянга, хөдөлгөөн ихтэй үед 19 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрдэг аж. Хуримтлагдсан мөнгийг “Замын санд” оруулж нийслэлийн зам засварын ажилд зарцуулна гэдгийг албаныхан хэлэв.
Мөн орон
нутгийн дугаартай тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, тухайн тээврийн хэрэгслийн
зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлснээр өдөр тутам замын хөдөлгөөнд оролцох
тээврийн хэрэгслийн тоо таван хувь хүртэл буурах боломжтойг холбогдох албаныхан
тодотгож байна. Уг шийдвэр нь Улаанбаатарын замын түгжрэлийг бууруулахад ач
холбогдолтой гэж үзэж байгаа юм.