УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр нээлтээ хийлээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чуулганыг нээж хэлэхдээ, 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулиар байгуулагдсан 126 гишүүнтэй манай парламентын өмнө хууль, эрх зүйн орчныг шинэ цагийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн төгөлдөржүүлэх өндөр хариуцлагатай, өргөн цар хүрээтэй үйл хэрэг хүлээгдэж байгааг тэмдэглэв. Мөн одоо хэрэгжиж байгаа зарим хуулийг эргэн харж, хэд хэдэн асуудлаар шинэ хууль боловсруулах шаардлагатайг онцлоод, “Хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл баримтлал бүхий”, “Хууль тодорхой, ойлгомжтой, ижил тэгш үйлчилдэг”, “Нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцэхүйц” Монгол Улсынхаа хууль, эрх зүйн орчны гурван төгөлдөржилтийг бодит болгох үйлсэд УИХ-ын гишүүд хувь нэмрээ оруулж, үлгэр дуурайлал үзүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээв.
Ээлжит бус чуулганаар Засгийн газраас яаралтай горимоор өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон төсөвтэй холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцэхийг энэ үеэр УИХ-ын гишүүд дэмжсэн тул холбогдох байнгын хороонд шилжүүлсэн юм.
Дараа нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээллийг сонсохоор чуулганы нэгдсэн хуралдаан хаалттай горимд шилжив.