Нийслэлд бүртгэлтэй төрийн байгууллагуудын автомашины 50 хувийг замын хөдөлгөөнд оролцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-08-16 12:23:45

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын 2024 оны наймдугаар сарын 12-ны өдрийн А/988 дугаар захирамж гарч Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор богино хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталсан.


Тиймээс энэ сарын 19-нөөс ирэх сарын 14-нийг хүртэл Улаанбаатар хотод бүртгэлтэй төрийн байгууллагуудын тээврийн хэрэгслийн 50 хувийг замын хөдөлгөөнд оролцуулахаар болжээ.


Монгол Улсын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчит 1728 байгууллагын 14717 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас 8000 авто машины улсын дугаарын дэвсгэр өнгийг хар хөх өнгөтэй болгон өөрчилсөн. Үүнээс 2199 нь нийслэлд бүртгэлтэй байна.


Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Тэгвэл дээрх хугацаанд нийслэлд бүртгэлтэй төрийн байгууллагуудын тээврийн хэрэгслийн 50 хувийг замын хөдөлгөөнд оролцуулснаар ачаалал тодорхой хэмжээнд буурахыг холбогдох мэргэжилтнүүд хэллээ.

相关新闻