Өрхийн сарын дундаж орлого 2.5 сая төгрөг болжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны
наймдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. ҮСХ
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний 7 сарын үзүүлэлтийг өнөөдөр мэдээлж
танилцуулав. Үүгээр өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2024 оны II улирлын
дүнгээр өрхийн сарын дундаж орлого, оны үнээр 2.5 төгрөг болоод байна.
Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад өрхийн сарын дундаж орлого 24 хувиар буюу 485.7 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 3.5 хувиар буюу 86.0 мянган төгрөгөөр нэмэгджээ.
Үнийн нөлөөллийг арилган тооцвол, 2020 оны үнээр
илэрхийлэгдсэн нэг өрхийн сарын дундаж бодит орлого 1.7 сая төгрөг болж, өмнөх
оны мөн үеэс 255.3 (17.3 хувь) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 22.6 (1.3 хувь)
мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.
Бодит орлогын хэмжээ өмнөх
оны мөн үеийнхээс 17.3 хувиар нэмэгдэхэд цалин хөлсний бодит орлого 218.3 мянган
төгрөгөөр буюу 31.2 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн талаар ҮСХ-ны
Мөнгө, санхүү, үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Л.Энхбаатар
мэдээллээ.