К.Харрис амьжиргааны өртгийг бууруулах төлөвлөгөөгөө танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-08-18 12:47:27

ВАШИНГТОН, 2024 оны наймдугаар сарын 18 /Reuters/. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис бодлогын шинжтэй анхны томоохон мэдэгдлээ хийж, эдийн засгийн төлөвлөгөөгөө танилцуулжээ. Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй тэрбээр амьжиргааны өртгийг бууруулахад гол анхаарлаа хандуулах ажээ. 


Сонгуулийн дүн хаашаа ч холбирч болзошгүй муж улсуудын нэг болох Хойд Каролинад болсон цуглааны үеэр К.Харрис төрийн тэргүүнээр сонгогдсон тохиолдолд эхний 100 хоногт хийж гүйцэтгэх ажлуудаа танилцуулсан байна. “Миний бие ерөнхийлөгчийн хувьд дундаж давхаргад эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой байдал, нэр хүндийг нь ахиулах боломжийг бий болгоход түлхүү анхаарна” гэж тэрбээр хэлжээ.


Түүний төлөвлөгөөнд хүнсний бүтээгдэхүүний үнийг зохицуулах асуудал багтсан бөгөөд үнийг хөөрөгдлийн эсрэг эхний арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхийн тулд Конгресстэй хамтран ажиллана гэж мэдэгдсэн байна. Тэрбээр мөн орон сууц худалдан авах зардлыг бууруулахыг зорьж байгаа бөгөөд анх удаа орон сууц худалдан авч буй хүмүүст 25 мянган ам.долларын зээл олгож, орон сууц барьж буй хүмүүст татварын хөнгөлөлт үзүүлэхээ амлажээ. Тухайлбал, шинээр хүүхэдтэй болсон гэр бүлд 6 мянган долларын татварын хөнгөлөлт үзүүлэх гэх мэт. Мөн жороор олгодог эмийн үнийг хямдруулах зэрэг асуудлыг хөндсөн байна.


Үүний зэрэгцээ хүнс ба өдөр тутмын зайлшгүй хэрэгцээт бүтээгдэхүүнүүдийн үнийг хөөргөдсөн компаниудад "хатуу торгууль шийтгэл" ногдуулахаа мэдэгджээ.


Ирэх 11 дүгээр сард К.Харристай өрсөлдөх АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп мөн адил эдийн засгийн хөтөлбөрөөрөө дамжуулан олон нийтээс дэмжлэг авахыг эрмэлзэж байна. Лхагва гарагт тэрбээр Хойд Каролинагийн сонгогчдод өөрийн төлөвлөгөөг танилцуулжээ. Д.Трамп хэлэхдээ, бид хамтдаа татвар, зохицуулалт, эрчим хүчний зардал, хүү, инфляцыг бууруулж, улмаар хүн бүр хүнсний бүтээгдэхүүн, машин, орон сууцтай болж чадна гэсэн байна.


Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдвол газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгдсэн бөгөөд албан тушаалдаа орсон эхний жилдээ эрчим хүчний үнийг 50 хувиар бууруулна гэж амлажээ. АНУ-ын хэрэглэгчид сүүлийн жилүүдэд инфляцын өсөлтийн үр дагавруудтай тулгарч байгаа юм.  Амьжиргааны өртөг өндөр байгаа нь тэдний санааг хамгийн ихээр зовоож буй асуудлуудын нэг болж байна.

 


相关新闻